Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил хорих ял шийтгүүлэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй, УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүлийг өлсгөлөн зарласан, захидал бичүүлэхгүй байгаа талаар уржигдар түүний хүү Б.Чулуудай, өмгөөлөгч А.Пүрэвдулам нар хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулж НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан зарим цахим мэдээллийн хэрэгслээр тайлбар өгсөн юм. Тэрбээр “Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхийг үндэслэлгүйгээр хааж, зөрчиж байгаа гэсэн нь огт үндэслэлгүй. Ял эдлүүлэх ажиллагааны явцад хэн нэгний эрх, эрх чөлөө зөрчигдсөн бол прокурорт гомдол гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Э.Бат-Үүл болон түүний өмгөөлөгчөөс прокурорын байгууллагад албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлээгүй атлаа удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр ор үндэслэлгүй зүйл ярьж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байгаа эдгээр мэдээ, мэдээллийн мөрөөр прокуророос хорих ангид нь очиж, Э.Бат-Үүлтэй хэд хэдэн удаа уулзсан. Тэрбээр “Ар гэртээ бичсэн захидлыг хорих анги өөрт холбогдолгүй зүйл бичсэн байна гэж хориглосон” гэх асуудлын талаар ярьсан учраас энэ асуудлыг шалгаж, тодруулах арга хэмжээ авч байна. НПГ-аас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа Э.Бат-Үүлийн захидал, харилцааны эрх зөрчигдсөн гэх мэдээлэлтэй холбоотойгоор түүний хуульд заасан эрхийг хангаж ажиллах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан талаар мэдээлж буй ч прокурорт энэ талаар мэдэгдээгүй. Өлсгөлөн зарлавал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас прокурорт мэдэгдэх журамтай” хэмээсэн. Тэгвэл өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр хаалттай ангийн дарга, хурандаа С.Батсайхан “Хорих байгууллагаас Э.Бат-Үүлийн захидал харилцааг нь хязгаарласан асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар зургаан удаа гэр бүлийнхэн рүүгээ баталгаат шуудангийн хаягаар захидал илгээсэн. Тэрбээр захидал харилцаа илгээх, илгээмж авах, мөн өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах зэрэг хуульд заасан эрхээ зохих журмын дагуу эдэлж байгаа. Прокурорын байгууллагаас ч түүний эрхийг нь хязгаарлаж, зөрчсөн асуудал байхгүй. Одоогийн байдлаар өлсгөлөн зарласан асуудал алга. Түүний зүгээс ямар нэгэн эрх хязгаарлагдсан гэсэн өргөдөл, гомдлыг хорих ангийн удирдлага болон захиргаанд гаргаагүй. Прокурорын байгууллагад ч эрх нь хязгаарлагдсан асуудлаар өргөдөл, гомдол бичиж уламжилсан зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд тухайн хоригдогч 22 удаа илгээмж хүлээн авч, өмгөөлөгчтэйгөө 23 удаа уулзан, ар гэрийнхэнтэйгээ 30 удаа зохих зөвшөөрлийн үндсэн дээр уулзалт, эргэлт авсан” гэсэн мэдээлэл өгөв.
Бэлтгэсэн Г.Равжаа