Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан өчигдөр 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17 дугаар цэцэрлэгийн баруун талд байрлуулсан, тоосгон 21 гараашийг буулгалаа. Эдгээр нь зөвшөөрөлгүйн зэрэгцээ цэцэрлэгийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байжээ. Чөлөөлсөн уг газарт 17 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барих гэнэ. Өргөтгөлийн барилга нь 240 хүүхдийн ортой байх аж. Үүнийг ашиглалтад оруулснаар хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг 100 хувь хүлээн авах боломж бүрдэхийг цэцэрлэгийн удирдлага хэлэв. 17 дугаар цэцэрлэгийг өргөтгөх шийдвэрийг өнгөрсөн онд холбогдох байгууллагуудаас гаргаж, үүнд шаардагдах 3.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэхээр болжээ. Түүнчлэн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, “Тамга-Уул” компани сонгогдсон юм байна. Гараашуудыг чөлөөлснөөр газрын асуудал шийдэгдсэн тул тус компанийнхан маргаашаас барилгын ажлаа эхлэхээр болсон гэнэ.
Бэлтгэсэн М.Оч