Монгол Улс ардчиллын замыг сонгосон 30 жилийн хугацаанд зургаан эрхэм Төрийн тэргүүнээр сонгогдож, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэмээгдэж ирэв. Төрийн тэргүүн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүрэгтэйгээс гадна үндэсний эв нэгдлийг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь, манай Ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацаа нь дуусангуут улс төрд эргэн ирж, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байгаагүй юм шиг “аашилдаг”. Ер нь Монголын улс төр яагаад урвалт шарвалт, худал хуурмагаар дүүрчихсэн юм бэ. Монгол хүний чанар, жудаг яагаад үнэгүйдээд байна вэ. Үнэн хэрэгтээ энэ тухай хэн ч бодохоо больчихсон. Энэ муу муухай бүхнийг байх ёстой мэтээр үздэг болчихож. Манай Ерөнхийлөгч нар л бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ТУЗ-ийн гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, тэр ч бүү хэл, улс төрийн намын даргаар ажиллаад л явах юм. Уг нь Монголын төр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусангуут “…нэгэн бүрэн эрхийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтыг үргэлжлүүлж, Засгийн газрын гишүүн буюу сайдын цалинтай дүйх урамшууллыг сар бүр бүх насаар нь олгоно” гээд хуульчилчихаж. Төр энэ үүргээ биелүүлдэг байх гэж найдаж байна. Товчхондоо, энэ чинь Та улс төрийн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулалгүй, ард иргэдээ намаар нь, үзэл бодлоор нь, улс төрийн эрх ашгаар нь талцуулалгүй байж байгаач гэсэн “гуйлт” биз дээ. Ард иргэд ч гэсэн Ерөнхийлөгчөө Ерөнхийлөгчөөр нь харж, хүндэлж явмаар байна шүү дээ. Түүнээс биш ямар нэгэн компанийн захирал, гишүүн, шүүгч, намын дарга байх нь хэр зохимжтой вэ.
Одоо өрнөж буй улс төрийн нэгэн үйл явдал дээр дурдсан учир холбоосын томоохон тод жишээ болно. Тэр юу вэ гэхээр экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшин, өрсөлдөж буй явдал юм. “Яагаад болохгүй гэж”, “Хүний эрх шүү дээ” гэж хариулж магадгүй. Гэвч тийм биш юм. Экс Ерөнхийлөгч намын даргад ингэж нэр дэвшсэнээр наанадаж таны, миний эрхэд халдаж, эрх ашгийг зөрчиж байна. Цаанадаж Монголын улс төрийн хагарал бутрал, эвдрэл талцал, урвалт шарвалт бүгдийн “шинэ” хаалгыг нээдэг. Энэ үг зөвхөн Х.Баттулгад ч бус, өмнө нь Ерөнхийлөгч байсан, одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа эрхмүүдэд бүгдэд хамааралтай. Бас Ерөнхийлөгч болохын тулд улс төрийн намын гишүүнчлэлээс татгалздаг. Ингэж дөрвөн жил, цаашдаа зургаан жилийн турш “үндэсний эв нэгдлийг хамгаалсан” Ерөнхийлөгч маань буусныхаа дараа улс төрд эргэн ирэх нь хэр зохимжтой вэ, ер нь. Асуудлын гол нь энэ. Яагаад гэвэл экс Ерөнхийлөгч эргээд улс төрийн үйл ажиллагаа явуулна гэдэг нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн эсрэг үйлдэл. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр ч Ерөнхийлөгч нар буусныхаа дараа улс төрд эргэн ирж, элдэв таагүй нөхцөл байдал үүсгэх вий хэмээн болгоомжилж буйгаа хэлж байсан нь ч бий. Тиймдээ ч тэдний сонгогдох насыг 55 болгосон билээ. Энэ бүхний эцэст нэг л гарц байгаа нь экс Ерөнхийлөгч нарыг ийм замаар улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох ёстой. Хүн бүр Ерөнхийлөгч болдоггүй. Энэ нь хувь тавилан. Түүнийгээ дагаад, Үндсэн хуулиа мөрдөөд “Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалагч”-аараа байхыг ард иргэд хүсдэг. Манай ардчилагчдын “үлгэр дуурайл” АНУ-ын Ерөнхийлөгч нар гэхэд л албан тушаалаасаа буусныхаа дараа намаа, улсаа талцуулаад явдаггүй юм билээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр 1992-2000 онд ажилласан Билл Клинтон гэхэд “Клинтон сан” нэртэй буяны байгууллага үүсгэн байгуулсан байдаг. Мөн 2017 оны есдүгээр сард АНУ-ын таван экс Ерөнхийлөгч Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон, эцэг Жорж Буш, Жимми Картер нар хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслахаар “One Ameri¬ca appeal” санг байгуулсан байдаг.
Бэлтгэсэн Б.Баярмагнай