Өмгөөлөгч Ц.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргаж байв. Энэ хооронд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, Сахилгын хороо байгуулагдсанаар дээрх хоёр ТББ-ынхны гомдлыг шилжүүлсэн аж. Тус хорооныхон уг гомдлыг хэлэлцэхээр нэг бус удаа товлосон боловч хэлэлцэж чадалгүй тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, дээр нэр дурдсан өмгөөлөгчтэй холбоотой асуудлаар өмнө нь зургаан сарын хугацаанд цалинг нь 30 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарт дээрх хоёр ТББ-ынхны гомдлын дагуу сахилгын хэрэг нээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэднийг ёс зүйгээ зөрчин, өмгөөлөгч Ц.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард архидан согтуурсан гэх гомдол, мэдээллийн дагуу сахилгын хэрэг нээсэн бөгөөд тус хорооныхонд ТББ-ынхан дээрх шүүгч нартай холбоотой бичлэгийг нотлох баримт болгож өгсөн, эсэх нь ч тодорхойгүй байгаа. Юутай ч Сахилгын хорооны гишүүд хуулийн дагуу дээрх зургаан шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцэхээр нэг бус удаа хурал товлосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 7-14 хоногоор хойшлуулсаар уржигдар 09.00 цагт хэлэлцэх болсон. Гэвч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг шүүгч нь ирээгүй тул 15.00 цаг хүртэл хойшлуулсан. 15.00 цаг болоход бас нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүйгээ мэдэгдэж хойшлуулах хүсэлт хүргүүлснээс гадна зарим нь сахилгын хэргийг хэлэлцэх бүрэлдэхүүн буюу Сахилгын хорооны гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр нараас татгалзсан байна. Эдгээр үндэслэлийн улмаас шүүгч Б.Халиун, З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Шүүхийн сахилгын хорооныхон өчигдөр АТГ-аас гаргасан гомдлын дагуу шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Ш.Одонзул нарт нээсэн сахилгын хэргийг хэлэлцээд, хэрэгсэхгүй болгосон байна. Уг хоёр шүүгчийг АТГ-ынхан ХАСХОМ-ээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр Шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байх үед гомдол гаргасан аж. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас ийнхүү хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэ ташрамд шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хорооны хэлэлцсэн, шүүгч нартай холбоотой гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл хүргэе. 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн сахилгын хороо үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Шүүхийн ёс зүйн хорооноос шилжүүлэн авсан 283 гомдол, иргэд, байгууллагаас шинээр гаргасан 82 өргөдөл, мэдээллийг хүлээн авчээ. Тэдгээр өргөдөл, гомдолд давхардсан тоогоор 293 шүүгч холбогдсон байна. Нийт хүлээн авсан 265 өргөдөл, гомдлоос 48.8 хувь буюу 178-д нь сахилгын хэрэг үүсгэсэн бол 51.2 хувийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Сахилгын хэрэг үүсгэсэн гомдлуудаас нэгийг нь нээлттэй сануулах, хоёрт нь бүрэн эрхийг нь гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгасан байна. 61-ийнх нь сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. Мөн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, дүгнэлтийг хүчингүй болгож дахин шалгуулахаар Сахилгын хорооны илтгэгч гишүүнд буцаасан гурван гомдол байгаа аж. Өдгөө ажиллагаанд 118 сахилгын хэрэг буй гэнэ