“Хөгжлийн банкны” гэх хэрэгтэй холбоотойгоор өчигдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргүүлсний дараа НПГ-ын ерөнхий прокурор Ц.Ариунболд сэтгүүлчдэд шалгалтын явцын талаар танилцуулга хийсэн юм. Уг хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр дуулиан болгохоос өмнө буюу 2016 оноос хойш АТГ болон бусад хууль хяналтын байгууллагад Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан аж. Мөрдөн байцаалт явуулсан долоон хэргээс хоёрыг нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгсэхгүй болгож, хоёрыг нь шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байдаг. Тухайлбал, тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арваннэгдүгээр сард хэлэлцээд Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Харин Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Тэгвэл дээрх гурван хүнд холбогдох хэргийг маргааш нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товлоод байна. Мөн Хөгжлийн банкнаас зээл авсан НВЦ ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорт буцаасан юм. Тус компанид зээл олгоход нөлөөлсөн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгуулахаар буцаасан гэх албан бус мэдээлэл бий.
Харин өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаар ахлуулсан 11 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн таван прокурор тус банкны албан тушаалтнууд, зээл авахдаа хээл хахууль өгсөн байж болзошгүй компанийн удирдах албан тушаалтнуудын хэрэгт хяналт тавьж буй юм билээ. ХНПГ-ын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, Гавьяат хуульч Ц.Ариунболдын мэдээлснээр өдгөө хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээрт 74 аж ахуйн нэгжид олгосон нийт 2.3 их наяд гаруй төгрөгийн зээл болон түүний зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй, эсэхийг тогтоох зорилгоор энэ ажиллагааг хийж буйг тэрбээр тодотгов. Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 12 хэрэгт Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 14 хүнийг холбогдуулан яллагдагчаар татаад байна. Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, дэд бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нарыг яллагдагчаар татаж, заримыг нь цагдан хорьсон билээ. Тэгвэл тэдэн дээр нэмж, тус банкны хэлтсийн эрх бүхий ажилтан, мэргэжилтэн Будхүү, Билгүүдэй, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах, эл банкны Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажиллаж байсан Я.Сод-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар татаж, өнгөрсөн долоо хоногийн сүүлч, энэ долоо хоногийн эхээр тогтоолыг нь танилцуулсан байна. Харин Хөгжлийн банкнаас зээл авсан “Алтай групп”-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр зэрэг хувийн компанийн найман удирдах албан тушаалтныг яллагдагчаар тооцсон. Прокурорын байгууллагын мэдээлснээр нийт 22 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4-ийн “Хахууль авсан”, 22.5-ын “Хахууль өгсөн”, 18.6 дахь хэсгийн “Мөнгө угаасан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм билээ. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр Хөгжлийн банкны долоон албан тушаалтан, аж ахуйн нэгжийн дөрвөн захирлыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн бөгөөд шүүгчийн захирамжаар 11 хүнийг цагдан хориод байгаа юм.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шалгуулж буй аж ахуйн нэгжийнхэн Хөгжлийн банканд учирсан хохирлоос одоогоор нэг зуун долоон тэрбум гурван зуун жаран сая гаруй төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй 41 хэ рэгт улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн 104 данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчид хязгаарлаад байна. Прокурорын байгууллагаас мэдээлэл өгсөнтэй зэрэгцээд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын “нууц” ангилалд багтаасан дүгнэлтийг олон нийтэд ил болгож, ХЗДХЯ-ны цахим хуудсанд өчигдөр байршуулав. 2016 онд хийсэн шалгалтын дүгнэлтээс сонгууль болж, эрх баригчид солигдох үед шинээр зээл олгох, үнэт цаас худалдах, худалдан авах, гэрээ хэлцэл байгуулахгүй, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг Хөгжлийн банкны удирдлагад холбогдох байгууллагаас даалгаж байсан ч олон тэрбумын зээл олгож, арилжааны банкуудад мөнгө хадгалуулж, нийт хоёр сая евро, 62 сая ам.доллар, 215.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн Хөгжлийн банкийг 2016 онд олон нийтэд сурталчлахад зориулж 1.1 тэрбум гаруй төгрөгийн гэрээ байгуулсан байв. Хөгжлийн банкны Зээлийн хороо нь зөвхөн зээл олгох, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх л асуудлыг хэлэлцдэг болж, олгосон зээлийнхээ ашиглалт, зарцуулалт, эрсдэлийг нь илрүүлэх чиглэлээр маш хангалтгүй ажилласан гэдгийг дүгнэжээ. Энэ үеэс л “Мон лаа” болон “Бэрэн групп” компанийн зээл чанаргүй болсон гэдгийг илрүүлсэн ч өнөөг хүртэл тэдгээр зээлийг олгосон албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй л байна.
Хөгжлийн банкны зээлдэгч нарын дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэгдэх Ц.Ууганбаяр багтсан. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулчихаад буй билээ. Нууцын жагсаалтаас гаргасан баримтад Ц.Ууганбаярт хамааралтай, “Шинэ Яармаг” орон сууцын цогцолбор хороолол барих төслийн тухай дүгнэлт багтсан байв. Яармаг дахь орон сууцын хорооллын уг төсөлд санхүүжилт олгохдоо Хөгжлийн банк Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүйгээр өгсөн гэж түүнд бичжээ. 2015 оны долдугаар сарын 20-нд ТОСК “Шинэ Яармаг” орон сууцын хороолол барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ байгуулан, төслийн гүйцэтгэгчээр нь “Юнайтэд прожект групп” ХХК-ийн зуун хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “Нью Яармаг хаусинг прожект” компанийг ажиллуулахаар болсон аж. Тус компани нь нийт 230 сая ам.долларын төсөвт өртөгтэй орон сууцын барилгын төсөл хэрэгжүүлсэн, нийт санхүүжилтийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт, импорт банкнаас зээл аван бүрдүүлэх төлөвлөгөөтэй байсан гэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар дээрх зээлд Хөгжлийн банкаар дамжуулан баталгаа гаргуулж, төслийн санхүүжилтийн үлдсэн 15 хувьд Хөгжлийн банкаар дамжуулан 50 сая ам.долларын зээл олгосон тухай нууцаас гаргасан, Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд тодотгожээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй холбоотой, “Эрдэнэс МГЛ” компанийн Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн авто зам, Ухаахудаг, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, “Эрдэнэс Тавантолгой” компанийн авсан зээл хуульд нийцээгүйг ч зургаан жилийн өмнө тогтоосон ч ямар нэг арга хэмжээ авалгүй өдий хүрээд байгаа нь магадгүй татвар төлөгчдийн мөнгөөр төрийн өмчит энэ аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулахад хүрэх вий гэсэн хардлага төрүүлэх боллоо. Юутай ч УИХ, Засгийн газраас энэ сарын 29-нд товлосон хэлэлцүүлгийнхээ үр дүнд ямар нэг шийдэл олох биз ээ.
Бэлтгэсэн Г.Равжаа