Манай орны нийт нутгийн 26 хувь нь одоогоор цасан бүрхүүлтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, Увс нуур, Тэс, Булган, Идэр, Шишгэд, Халх голын сав газруудын 55-85 хувь нь цасан бүрхүүлтэй аж. Цасан бүрхүүлийн дундаж зузаан нь найман см гэнэ. Увс аймгийн Малчин сумд 21 см зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлт юм байна. Урин дулаан цаг наашилсантай холбоотойгоор гол, мөрний сав газруудын цас, мөс хайлж, шар усны үер бууж, ус эргээсээ халих үзэгдэл гарч болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Түүнчлэн өвөлжилт хүндэрч, мал олноор хорогдсон газруудад сэг зэм нь шар усны үерээр дамжин ус бохирдуулах, өвчин эмгэг тараах эрсдэлтэйг сэрэмжлүүлэв. Тиймээс холбогдох байгууллагаас шуурхай арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай гэлээ.
Бэлтгэсэн М.Оч