“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийн олонх нь сүүлийн өдрүүдэд ам.доллар борлуулахгүй байсан бол өчигдөр юань зарсангүй. Гэхдээ ганц хоёр нь багаар буюу 4-5 сая төгрөгөөс доош хэмжээний ам.долларыг 3020, юанийг 473-аар (худалдан авахад ам.доллар 2920, юань 465 төгрөг) худалдаж болно гэв. Энэ нь тус төвд сүүлийн долоо хоногт ам.доллар борлуулах ханш 100, юанийнх нь 14 төгрөгөөр өссөн дүн боллоо. Түүнчлэн арилжааны нэгэн банк бүх төрлийн валютын бэлэн гүйлгээ хийхгүй, таван саяас доош төгрөгтэй тэнцэх хэмжээтэйг нь иргэд, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлж болно гэв. Хэрэв валютын данснаасаа зарлага гаргах бол мэдүүлэг бичин, магадлуулах шаардлагатай гэсэн. Ийнхүү валютын ханш нэмэгдэн, арилжааг хязгаарлаж, улмаар хомсдол үүсэж буй талаар Төвбанкнаас тайлбар өгсөн юм. Тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бид бараа, бүтээгдэхүүнийхээ борлуулалт, хөрөнгө оруулалт, зээлээс валютын нөөц бүрдүүлдэг. Олсон ам.доллар зарснаасаа бага дүнтэй хэвээр байгаа. Цаашид ам.долларын нөөцөө өсгөхийн тулд экспортоо дэмжихийн зэрэгцээ хэрэглээгээ танаж, шаардлагагүй зүйлд валют зарахаа хэсэг хугацаанд зогсоох хэрэгтэй байх. Нэн тэргүүнд худалдан авах зүйлсийн валютын төлбөр тооцоог саадгүй хийх бодлого барина гэсэн үг. Энэ талаарх саналаа ч Засгийн газарт хүргүүлнэ. Бидэнд валютын нөөцөө хадгалж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эсвэл хүссэн хэмжээгээр нь нийлүүлэх сонголт бий. Үүнээс валютын нийлүүлэлтийг хязгаарлахыг илүүд үзэн, өнөөдөр (өчигдөр) банкууд 160 гаруй сая ам.долларын хүсэлт ирүүлсэн ч 50 саяыг нь л биелүүллээ. Гэхдээ валютын эрэлт, ханшийн өсөлт зэрэг нь удаан үргэлжлэхгүй болов уу. ОХУ, Украины дайн дуусаж, БНХАУ-ын хилийн хорио тавигдан, экспорт өсөхөд байдал хэвийн болно” гэсэн юм. Ташрамд дурдахад, Төвбанкны мэдээлснээр сүүлийн гурван долоо хоногт ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2.2 хувиар чангарсан нь байж болох өсөлт гэнэ.
Бэлтгэсэн С.Дулам