Монгол Улс нийгмийн эрсдэлт хүчин зүйлс өндөртэй орны нэг. Тиймдээ ч бид алхам тутамдаа хэзээд ирж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах, урьдчилан сэргийлэх шаардлагатай тулгардаг. Даатгал нь нийтийг эрсдэлээс хамгаалах дэлхийн хүмүүсийн бодож олсон шилдэг арга, туршлага. Харин монголчууд үүний хаагуур нь явна вэ. Олон улсад, тэр дундаа БНСУ-д хувийн даатгалын систем хэр зэрэг хөгжсөн бэ. Энэ нь тус улсад хөдөлмөр эрхэлж буй монголчуудын хөдөлмөрийн аюулгүйн байдлын баталгаа болж чаддаг уу. Эдгээр асуултын хариуг та “Samsung life insurance” даатгалын компанийн ахлах ажилтан Б.Ундармаагийн ярилцлагаас уншаарай. Түүнийг дэлхийн тэргүүлэгч даатгалын компанид ажилладаг хүнийх нь хувиар ийнхүү зочноор урьж ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би БНСУ-ын “Калбин” дээд сургуульд суралцаж, боловсролын магистрын зэрэг хамгаалсан. Улмаар сургуулиа төгсмөгцөө олон улсын мөнгөн гуйвуулгын компани, эмнэлгийн эмчилгээ зуучлалын компанид ажиллаж, өдгөө “Samsung” группийн амь даатгалын компанид ажиллаж байна. БНСУ-д ажиллаж амьдраад 9 жил болжээ.
-Даатгал бидний амьдралд ямар хэрэгтэй вэ ?
-Хүний амьдрлын эргэн тойронд эрсдэл байдаг. Цаг хугацаа явахын хэрээр хүмүүст тохиолдох эрсдэлийн нөхцөл, хэлбэр, мөн чанар нь өөрчлөгддөг. Энгийн амьдралтай холбон жишээлэхэд, аливаа хүнийг бага байхад нь аав ээж нь асран хамгаалчихна, цэцэрлэг сургуульд орох үе ирэхэд ирж очих замд тохиолдох эрсдэлийг эс тооцвол багш нь санаа тавиад зааж зөвлөчихдөг. Цаашлаад их, дээд сургууль төгсөж гэр бүлтэй болох зэргээр тухайн хүнд учирч болох эрсдэлийн орчин болон төрлүүд нь өөрчлөгддөг гэсэн үг. Заавал хувь хүний амьдралд гэлтгүй бизнест ч мөн адил томоохон эрсдэлүүд тулгардаг. Эрсдэл гэдэг маш өргөн хүрээтэй бөгөөд түүнийг багасгах, урьдчилан сэргийлэх аргуудын нэг нь даатгал юм. Даатгалд хамрагдсанаар дундын сан үүсгэж, тэрхүү сангаасаа зовлонтой нүүр тулсан хэн нэгэндээ туслан, асуудлыг нь шийдэж өгдөг учраас гэнэтийн зүйл тохиолдоход айх сандрах зүйлгүйгээр асуудлаа тайвнаар шийдэх боломж үүсдэг.
-Та Самсунг даатгалд ажилладаг. Энэ байгууллагынхаа үйлчилгээний талаар товч мэдээлэл уншигчдадаа хүргэхгүй биз?
- “Самсанг даатгал”-ын хувьд байгуулагдаад 67 жил болж байна. Одоо нийт 72 салбартай бөгөөд 42 нэр төрлийн үйлчилгээ үзүүлж буй. Улсдаа татвар төлөлтөөрөө хоёрт ордог тэргүүлэгч компани гэж хэлж болно.Солонгосчуудын олонх нь улсын даатгалд найдалгүйгээр хувийн даатгалын үйлчилгээг сонгодог. Солонгосын эрүүл мэндийн салбар нь Азидаа өндөр хөгжсөн бөгөөд үүнийг дагаад даатгалын систем нь сайн тогтсон байдаг. Тэр тусмаа улсын болон хувийн эрүүл мэндийн даатгалууд хоорондоо уялдаа холбоотой байдаг тул нийгэмд хүртээмжтэй. Манай даатгалын хувьд хүний амьдралын хамгийн чухал зүйлс болох амь нас, тэтгэвэр, эрүүл мэндийн хүнд хөнгөн өвчлөл, тэтгэвэр, өв залгамжлалыг нэг дор даатгаад зогсохгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүссэн хохирол болон бусад хохирлыг барагдуулдаг. Энэ нь амь даатгал төрөлдөө номер нэгт тооцогддог гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-БНСУ-д даатгалын үйлчилгээ ард иргэддээ, тэр дундаа тус улсад сурч хөдөлмөрлөж буй монголчуудад хэр хүртээмжтэй байдаг вэ?
-БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчууд ихэвчлэн манай компанийг сонгож үйлчлүүлдэг. Монголчууд маань голдуу хорт хавдрын, машины, эрүүл мэндийн даатгалыг сонгон үйлчлүүлдэг. Мөн сүүлийн үед 59 нэр төрлийн үйлчилгээ бүхий эрүүл мэндийн цогц даатгалд ихээхэн хамрагдаж буй юм. Эдгээрээс дурдвал, хүнд хөнгөн өвчлөл, 640 төрлийн хагалгаа, амбултор, үзлэг оношлогоо, физик эмчилгээ, уламжлалын эмнэлэг гэх мэт үргэлжилнэ. шүдний гоо сайхан, шүдний эрүүл мэндээр ихээхэн даатгуулдаг. Бүр ураг буюу гэдсэнд байгаа хүүхдээ ч хүртэл даатгуулна. Төрийн даатгалд гадаадын иргэд заавал хамрагдах ёстой бөгөөд үүгээрээ улсын үйлчилгээнүүдээс нөхөн олговор авдаг. Харин нэмэлт хамгаалалт сонирхсон хүмүүс хувийн даатгалд хамрагдах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, энэхүү сайн дурын даатгалд хамрагдсанаар улсын даатгалаас илүү олон үйлчилгээ авах боломжтой юм.
-Харилцагчид аль төрлийн даатгалд хамгийн ихээр хамрагддаг бол?
-Даатгалын төрөл зүйлүүд маш олон бөгөөд гагцхүү тухайн даатгуулагч өөртөө хамгийн их хэрэгтэй даатгалаа сонгон авах нь тохиромжтой. Энэ нь, хэрвээ та бизнес эрхэлдэг бол тасалдсан орлогоо төлүүлэх, бусдын эд хөрөнгөнд санаандгүй байдлаар хохирол учруулсан бол хариуцлагын даатгалаар төлүүлэх, өвдөж гэмтсэн тохиолдолд эмчилгээ, шинжилгээ, хэвтэн эмчлүүлсэн болон эм тарианы төлбөрүүдээ төлүүлэхээс гадна авч чадаагүй цалингийн орлогоо нөхөн авах боломж ч бүрэн байдаг. Жишээ нь, хорт хавдрын даатгалд хамрагдлаа гэж бодоход хорт хавдар туссан үедээ гэрээнд заасныхаа дагуу шууд эмчилгээний болоод асаргааны, амьжиргааны зардлуудаа гаргуулж авна. Хэрэв даатгуулагч амь насаа алдвал ар гэрийнхэнд нь 100-200 сая вонын дэмжлэг шууд олгодог. Мөн үүнээс гадна даатгуулахын зэрэгцээ хуримтлал, тэтгэвэр үүсгэх боломжийг санал болгодог. Тиймдээ ч Солонгост даатгалд хамрагдаагүй хүн бараг байдаггүй. Жирийн солонгос хүн гэхэд 4-12 төрлийн даатгалд хамрагддаг.
-Тэтгэврийн даатгалын талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Тэтгэврийн систем нь дотроо олон сонголттой. Тухайлбал, насан туршдаа хуримтлуулсан мөнгөө нэг дор авах, эсвэл хэдэн жилийн хугацаатайгаар тодорхой хувийг нь авах, гэр бүлдээ тэтгэврийн хуримтлалыг үүсгэх, хүүг нь тогтмол авч хэрэглээндээ ашиглах гэх мэт олон сонголттой. Энэ үйлчилгээг сонгосноор тухайн харилцагчийн хөдөлмөрийн нас нь дууссан ч эргээд харамсахгүй.
-Солонгост хараар амьдарч байгаа гадаадын иргэн олон бий. Хууль эрх зүйн талаасаа тэдгээр хууль бусаар амьдарч байгаа иргэд хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой юу?
-Мэдээж визтэй болон хараар амьдарч байгаа хүмүүсийн хооронд ялгаа бий. Манай даатгалд БНСУ-д суралцаж буй монгол оюутан, гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа болон бусад төрлийн визтэй хүмүүс хамрагдах боломжтой. Харин манай компанийн охин компани болох “Самсунг Хуажэ” визгүй хүмүүсийг даатгадаг. Үүнээс гадна Солонгост хууль бусаар амьдарч байсан ч тодорхой хязгаартай даатгуулах боломжтой даатгалын үйлчилгээ байдаг учраас эрүүл мэнддээ анхаарч даатгуулах нь чухал. Даатгалгүй хүмүүс Солонгосын Улаан загалмай нийгэмлэгт хандах эсвэл эмчилгээ хийлгэж байгаа эмнэлгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хандаж тусламж авах боломжтой.
-Монголд энэ салбар хөгжлийнхөө ямар түвшинд яваа гэж та харж байна вэ?
Санхүүгийн сахилга бат, зохион байгуулалт сайтай, эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлдэг, даатгалын боловсрол сайн хөгжсөн улсуудад даатгал өндөр хөгжсөн байдаг. Миний анзаарснаар Монголд үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд мэдээ мэдээллийн хувьд хүртээмж муутай, системийн хувьд ч, нөхөн олговорын хэмжээний хувьд ч жаахан дутагдалтай юм билээ. Өөрөөр хэлбэл, нэлээд мөнгө хөрөнгөтэй, хувийн компанитай, эсвэл хувийн бизнестэй хүмүүс рүү чиглэж ажилладаг юм шиг санагдсан.
-Манай улсад иргэдийн байр байшин шатахад галын эх үүсвэр нь заавал тодорхой байх ёстой. Авто осолд өртөхөд замд түгжрэл үүсгээд хөдөлгөөнгүй зогсох шаардлагатай болдог. Хэрэв автомашинаа жаахан л хөдөлгөчих юм бол даатгалын компани нь ослын шалтгаан тодорхойгүй хэмээгээд нөхөн олговор олгохоос татгалздаг. БНСУ-ын хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Даатгалын компани даатгуулагчийг хохиролгүй байлгах гол үүргийг хүлээнэ. Солонгосын даатгалын компаниуд олон цэгт байршсан байдаг. Хамгийн ойр цэгээс ирэхэд ердөө 5-10 минут шаардагдана. Хоёр талын даатгалын ажилтан ирээд нэрийн хуудсаа солилцоод л болчихно, үлдсэн асуудлыг даатгалын компани хариуцаад шийдчихдэг. Тэгэхээр үйлчлүүлэгч маань ямар нэгэн байдлаар цаг заваа гарздах шаардлагагүй бөгөөд сэтгэл ханамж нь өндөр байдаг. Хэрэв хүндээр бэртээд эмнэлэгт хэвтвэл тухайн даатгалын ажилтан нь хохирогчийн хэвтэж буй эмнэлэгт очоод бичиг баримтыг нь аваад асуудлыг цааш зохицуулна. Нөхөн олговорын хэмжээг маш сайн шийдэж өгөх ёстой. Тэгж байж энэ үйлчилгээ сайн явдаг. Солонгост энэ асуудлыг зохицуулах нөхцөл, дэд бүтэц маш сайн бүрдсэн. Тухайлбал, гудамжны камерын болон автомашины хар хайрцаг хянах, мэргэжлийн хүмүүс газар дээрээс нь хурдан шуурхай шийддэг. Энэ нь эргүүлээд даатгалын нөхөн олговор зэргийг асуудалгүй шийдэхэд дөхөм болдог. Даатгалын газраас бүх асуудлын шийдээд өгдөг гэж ойлгож болно.
-Монголын бараг нэг аймгийн хүн амтай дүйцэхүйц иргэд БНСУ-д ажиллаж, амьдардаг. Тэд голдуу хүнд хөдөлмөр эрхэлдэг. Тэр ч утгаараа даатгуулд хамрагдах шаардлагатай байх.
-Ер нь бол монголчууд даатгалын талаар хангалттай ойлголттой биш. Гол асуудал нь даатгал гэхээр л их төлбөртэй юм шиг ярьдаг. Үнэндээ эрүүл мэндийн цогц даатгалд сард 20-50 мянган вон төлөөд л хамрагдаж болно шүү дээ. Магадгүй энэ нь Солонгост бага мөнгө байх. Үүгээр өөрийгөө даатгуулснаар ирээдүйд гарч болох бүх эрсдэл, гэнэтийн осол бэртэл, хагалгаа, эмнэлгийн ор хоног гэх мэт өндөр өртөгтэй бүх үйлчилгээ авах боломжтой. Тиймээс хүмүүс даатгал сайн мэдэхгүйгээсээ болоод хүндрэл бэрхшээл тохиолдоход “хорт хавдартай боллоо, хагалгаанд орох шаардлагатай байна, автын осолд орчихлоо” гээд дандаа цагийн тулгаж даатгалд хамрагдах гэдэг. Мэдээж тэдгээр хүмүүс шууд даатгалд хамрагдах боломжгүй. Даатгалын үр шимийг хүртэхийн тулд дор хаяж хоёроос таван жилийн хугацаа шаардагдана.
Анхнаасаа 20-30 мянган воноор даатгуулсан бол эрсдэлд орсон хойноо байр сав, машинаа зарах, хандив цуглуулж цаг алдах шаардлагагүй шүү дээ. Хатуухан хэлэхэд ихэнх хүн ууж идэхдээ 20, 30, 100 мянган воныг зарцуулдаг хэрнээ эрүүл мэндээ хайхардаггүй, мөнгө зардаггүй. Хүний нутагт өчнөөн ажил хийж, өчнөөн саяар нь мөнгө олчхоод Монголдоо очихдоо баахан өвчний эх үүсвэр болоод олсон мөнгөө эргүүлээд эрүүл мэнддээ зарцуулах болдог нь харамсмаар.
-Та мэргэжилтний хувьд Солонгосын даатгалын тогтолцооны туршлагыг сайн эзэмшсэн байх. Танд энэ төрлийн үйлчилгээг Монголдоо нээх сонирхол бий юу?
Монгол хүнийгээ тэтгэх даатгалын компани нээх урт хугацааны зорилго надад бий. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа нийт монголчууд маань тухайн орны соёл болон нийгэм, сурч мэдсэн зүйл, алдаа оноо, туршлага, бүхий л зүйлээс нь сурч мэдсэн зүйлээ эх орондоо нутагшуулахыг хүсдэг. Монгол минь ийм байгаасай гээд өнгөтэй өөдтэйг нь эх орондоо нутагшуулахыг эрмэлздэг шүү дээ. Үүнтэй ижил би ч залуу хүний хувьд сурч мэдсэн зүйлсээ эх орондоо авчиръя гэсэн чин хүсэлтэй байдаг. Ирээдүйн зорилгодоо төлөвлөсөн ажлын маань нэг билээ. Миний хувьд өөрөө монгол иргэн гэдэг утгаараа компанидаа ажиллаж, маш их зүйл сурч мэдсэнийхээ дараа Монгол Улсад даатгалын маш сайн давуу талыг нутагшуулах чин хүсэл эрмэлзэлтэй явдаг. Үүнийг миний зорилго гэж ойлгож болно.
-Ярилцсанд баярлалаа.