…Эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас болж халуун ус, тосонд түлэгдсэн хүүхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авч чадаагүйгээс, хэн нэгэн их мэдэгчийн зохиосон жороор “эмчлүүлснээс” амиа алдсан тохиолдол орон нутагт жил дараалан бүртгэгдсэн харамсалтай явдал саяхан болсныг эмч нар жишээ болгож ярилаа…
“0-3 настай хүүхдийн эцэг, эхчүүдийн групп” фэйсбүүкийн бүлгэмд бичсэн нэгэн залуу ээжийн захиасыг хүргэе. Тэрбээр “Хүүхдээ найдвартай хүнд л даатгаарай ээж, аавууд минь. Цаг хугацааг буцааж болдог бол би тэр өдрийнхөө хариуцлагагүй үйлдлийг засмаар байна. Гадаадад олон жил болсон найзыгаа Монголд ирснийг дуулаад уулзах сан гэж хэдэн өдөр догдолж, өөрийгөө бэлдсэн. Гэтэл яг уулзахаар товлосон өдөр хоёр настай охиныг минь харах хүн олддоггүй. Нөхөр ажлаар говь руу явсан байлаа. Ээж, аав хоёр минь зээгээ асарч байя гэсэн ч хаа байсан Шаргаморьт руу охиноо хүргэхээс залхуураад, ахынхаа 12 настай хүүг дэргэд нь үлдээсэн.
Идэх, уух зүйлсийг нь бэлдээд, цонх, тагтаа түгжээд, цахилгаан зуухаа унтрааж, индүү, залгуураа гэх мэтээр гэрт байгаа зүйлсийг хэрэндээ л аюулгүй болгосон. Гэтэл тийм биш байлаа. Би л тэгж бодсон байж. Гэрээс гарснаас хойш хоёр цаг орчмын дараа ах минь над руу залгаж, аймшигт мэдээ дуулгасан. Бяцхан охин минь угжтай сүүгээ авахаар хоолны шүүгээ рүү зүтгэхдээ ус буцалгагчны залгуураас татаад нүүр, биеэ шалзалчихаж. Дэргэд байсан ах нь охиныг минь аргадаж, чимээгүй болгох гээд зөндөө хугацаа алдсан байгаа юм. Тэгж тэгж аав руугаа утасдаж, үнэнийг хэлсэн. Ийм явдал болсноос хойш бараг цаг гаруйн дараа охиныг Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Энэ мэдээг дуулаад, гэртээ яаж харьснаа ч санадаггүй. Миний охиныг угжаа авах гэж явахад ах нь зурагт үзэж байсан гэсэн. Хүүхэд бол хүүхэд л байдаг юм билээ. Үүнд би л буруутай. Охин минь хариуцлагагүй ээжээсээ болоод түлэгдэлт гэдэг аюулыг биеэрээ мэдэрлээ” гэжээ. Энэхүү харамсалтай үйл явдал өнгөрсөн жилийн хавар буюу коронавирусийн ид тархалтын үед болжээ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон, багачууд гэрийн хорионд орсон, цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүд ажил албандаа явах аргагүйд хүрсэн тэр хүнд цаг үед хариуцлага “эзгүйчилсэн” аюул олонтоо нүүрлэжээ. Бага насны хүүхэд ахуйн хүрээнд буюу гэртээ, хамаатан, ойр дотнынхоо хүмүүсийн дэргэд байхдаа ийнхүү харамсалтайгаар осолдож гэмтсэн дээрхтэй ижил тохиолдол цөөнгүй гарчээ. ГССҮТ-ийн Статистик, тандалт судалгааны албанаас гаргасан “Осол гэмтлийн тандалтын тайлан” үүнийг баталлаа. 2020 онд тус төвөөр 0-18 насны 38 000 гаруй хүүхэд үйлчлүүлснээс 2412 нь түлэгдэлтэй байж. Өнгөрсөн жил 41 000 гаруй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлсний 2600 нь энэ төрлийн осолд өртжээ. Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр бүр 6-7, сар болгон 201-216 хүүхэд ийм аюултай нүүр тулсан гэсэн үг. Энэ нь нийт хүн ам, хүүхдийн тоотой харьцуулахад өндөр, анхаарал хандуулахаас аргагүй үзүүлэлт гэдгийг тайланд онцолжээ. 2012-2017 онд бага насны хүүхдийн түлэгдэлт аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрч, зарим жил 4000 гаруй тохиолдол бүртгэгддэг байсан гэнэ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх, эцэг, эхчүүдийг хариуцлагажуулах чиглэлд гойд анхаарч, олон нийтэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, аянуудыг идэвхтэйгээр өрнүүлдэг байж. Үүний үр дүнд энэ төрлийн осол гэмтэл харьцангуй буурчээ. Халуун тогооны харгислал хэмээх сэдэв ч бараг мартагдаж эхэлж байж. Гэтэл цар тахлын хэмээх тодотгол бүхий сүүлийн жилүүдэд ийм эрсдэл эрс нэмэгдэж, хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгааны нэгт багтах болжээ. Иймд дээрх төвийнхөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ахуйн түлэгдэлтээс бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх аян өрнүүлж эхэлсэн байна.
2022 оны эхний хоёр сарын байдлаар 140 гаруй хүүхэд түлэгджээ. Дунджаар сард 70, өдөрт нэг хүүхэд түлэгдсэн гэж баримжаалж болно. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин буурсан (сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж буйтай холбоотой гэжээ) үзүүлэлт боловч санаа амарч болохгүй, цаашид хэд болж нэмэгдэхийг тооцоолох аргагүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцоллоо. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа урт хугацаагаар зогсдог, амралт зугаалгын улиралд хүүхдийн осол гэмтэл эрс нэмэгддэг, нийт тохиолдлын дийлэнх нь бүртгэгддэг байна. Түлэгдсэн хүүхдүүдийн 80-90 орчим хувийг 0-4 насныхан эзэлдэг. Эцэг, эх, асран хамгаалагчдын байнгын хараа хяналт, анхаарлын төвд байдаг насны хүүхдүүд гэсэн үг. Харин газар зүйн онцлогоор нь ангилбал орон нутагт ийм тохиолдол нийслэлээс их аж. Энэ нь аймаг, сумуудад гэр хороолол зонхилдог, айл өрхүүдийн дийлэнх нь жилийн дөрвөн улирлын турш галлагаатай байдагтай, цаашлаад иргэдийн аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэг хомстой холбоотой. Харин эл асуудлыг ул суурьтайгаар авч үзвэл сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, цэцэрлэгт хамрагдалтын түвшин зэрэг асуудлуудтай холбогдоно. Бага насны хүүхдүүд халуун хоол, цай, тос, ус зэрэгт шалзлагдах явдал нийт тохиолдлын 70 гаруй хувийг эзэлдэг байна. Тэрчлэн гэр ахуйн зориулалтын халаах хэрэгсэл, халуун уур, цахилгаан гүйдэл, шатамхай биетэд түлэгдэх нь ихэсжээ. ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг “Ахуйн нөхцөлд хамгийн элбэг тохиолддог нь халуун тогоотой хоол, цай, зууханд түлэгдэх. Бага насны хүүхдүүд ихэвчлэн гүйж яваад унахдаа ийм байдлаар осолддог. Мөн залгуураар оролдох, тоглох үедээ цахилгаан хүчдэлд цохиулж түлэгдэх нь түгээмэл. Эцэг, эхчүүд ахуйн орчинд аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай. Эрсдэл хаа сайгүй байдаг. Гал гаргаж болзошгүй чүдэнз, асаагуур болон шингэрүүлсэн шатдаг хий зэргийг ил тавихгүй байх, халуун тогоо, индүү, ус буцалгагч гэх мэт цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах хэрэгтэй. Анхны тусламжийг буруу үзүүлснээс түлэгдлийн зэргийг хүндрүүлэх, улмаар аминд нь аюул учруулах тохиолдол сүүлийн үед ихэслээ. Жишээлбэл, шалзлагдсан хэсэгт элсэн чихэр, тухайн хүүхдийн ээжийнх нь цусыг түрхэж, янз бүрийн эмийн бодис дур мэдэн хэрэглэдэг. Эдгээр нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, ам дамжсан яриа төдий зүйл юм. Үүний оронд хувцсыг нь бүрэн тайлах, түлэгдсэн хэсгийг хүйтэн бүлээн усаар шавшин хөргөх, өвдөлт намдаах лаа хэрэглэх, шингэн зүйл сайн уулгах, бохир оруулахаас сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй” хэмээн зөвлөгөө өглөө. Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй, асран халамжлах чадамжгүй хүнтэй орхихгүй, ганцааранг нь үлдээхгүй байхыг сануулав.
Эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас болж халуун ус, тосонд түлэгдсэн хүүхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авч чадаагүйгээс, хэн нэгэн их мэдэгчийн зохиосон жороор “эмчлүүлснээс” амиа алдсан тохиолдол орон нутагт жил дараалан бүртгэгдсэн харамсалтай явдал саяхан болсныг эмч нар жишээ болгож ярилаа. Сандарч тэвдсэн эцэг, эхчүүд өвдөлт зовуурийг нь намжаах гэж дээрхтэй ижил болчимгүй үйлдэл хийсэн нь цэцэрлэгийн насны хоёр хүүхдийг хорвоогоос буцахад хүргэжээ. Эцэг, эхчүүдэд сэрэмж, сануулга болгох үүднээс энэхүү таагүй түүхийг сөхөв. Осол гэмтлийн төрлүүдээс хамгийн аюултай, өндөр эрсдэлтэйд нь түлэгдэлт ордог. Үүнийг эмчлэх чадамж, орчин нөхцөл манай улсад тийм ч сайн биш. Энэ чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний томоохон ганц эмнэлгийнх нь Түлэнхийн тасаг гэхэд 80-хан ортой. Тэнд насанд хүрэгчид ч, бага насны хүүхдүүд ч хэвтдэг. Ийм тарчиг орчин нөхцөл, бодит байдал биднийг хариуцлага, хараа хяналтаа сулруулж болохгүйг цаг үргэлж анхааруулсаар байна.