Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэж, Хөгжлийн банкны асуудлаар Улсын Ерөнхий прокурорт өнөөдөр шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагад “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан таныг Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, Хөгжлийн банкны эргэн тойрон дахь асуудалд хууль хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэх боломжийг хангаж ажиллахыг шаардсан” юм.
Нэр бүхий редакцуудын төлөөллийг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүлээн авч уулзаж, энэ үеэр шалгалтын ажлын явцын талаар мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаар ахлуулсан 11 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн нийт 5 прокурор хяналт тавин ажиллаж байгаа аж. Мөн хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өгчээ.