Хамгийн ашиг тустай хүнсний ногооны жагсаалтад хүрэн манжин бичигдсээр ирсэн. Зарим улс, үндэстний уламжлалт хүнс болсон эл ногоо манган, бор, төмөр их хэмжээгээр агуулдаг учраас цус үүсэх, төлжихөд нэн шаардлагатай “түүхий эд”-ээс гадна элэг, шулуун болон 12 нугалаа гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Манжин нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Түүхий манжингийн илчлэгийн хэмжээ бага буюу 100 граммд 40 ккал. Тиймээс жингээ хасах зорилгоор хүмүүс түлхүү хэрэглэдэг. Хэдийгээр энэ нь үнэхээр үр дүнтэй ч хүрэн манжинг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь сөрөг нөлөөтэйг анхаарах учиртай гэж Оросын эрдэмтэн, химич М.Кутушов зөвлөжээ. Тэрбээр “Хууч, архаг өвчтэй хүмүүс хүрэн манжинг их хэмжээгээр идэж болохгүй”-г анхааруулаад эл ногооны ашиг тус болон сөрөг талыг ийнхүү тайлбарлажээ. Юуны өмнө энэ бол маш өвөрмөц хүнсний ногоо бөгөөд найрлага дахь бор, манган, төмөр нь бодисын солилцоог зохицуулж, цус төлжүүлэхэд чухал үүрэгтэй. Элэгний үйл ажиллагааг сайжруулдаг холин хэмээх бодисыг хүрэн манжингийн найрлага дахь бетаин үүсгэдэг. Холин нь өтгөн хатах, гэдэсний ашигт нянгуудад онцгой тустай. Мөн кали, хром, рубиди, фосфор, магни, кальци, цайр, иод, хүхэр, хлор, марганец, натри, зэс, фтор, никель, төмөр, С, РР болон В-гийн төрлийн аминдэм, антиоксидантуудаар асар баялаг учраас биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусан дахь давсыг “цэвэрлэж”, холестерин бууруулдаг. Үүнээс гадна хүрэн манжин сарын тэмдгийн мөчлөгийг хэвийн болгох, яс, үе мөчийг бэхжүүлэх, зүрх, судасны тогтолцооны үйл ажиллагааг сайжруулах, элэгний эсийг сэргээх, хараанд сайнаар нөлөөлж, эрч хүчийг нэмэгдүүлэх үр дүнтэй.
Гэвч хлорын агууламж өндөр тул нэг дор ихээр хэрэглэх нь залгиур, гэдэсний салст бүрхэвчийг цочроох аюултай. Улмаар харшил үүсгэж, тууралт гарч, амьсгалын замын эрхтнүүд хавагнах, тунгалгийн зангилаа томрох, халуурах шинж тэмдгүүд илэрч болохыг гойд анхаарах ёстой. Ялангуяа хүрэн манжинг саримстай хослуулан хэрэглэх нь зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг. Цээж хорсох, гэдэс дүүрэх, ходоод, гэдэсний замын бусад ноцтой өвчтэй, бөөрний дутагдал болон чулуутай, чихрийн шижинтэй хүмүүс үүнийг онцгой анхаарч татгалзах нь зөв. Түүнчлэн гипотензи буюу цусны даралт багатай хүмүүс хүрэн манжингийн хэрэглээндээ анхаарах ёстой. Учир нь уг ногооны шүүс зэргийг их хэрэглэх нь цусны даралтыг хяналтгүй бууруулахад хүргэдэг. Мөн ясны сийрэгжилтэд хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд кальцийг биеэс “хөөдөг”. Энэ шалтгааны улмаас гурваас доош настай хүүхэд, өндөр настай эмэгтэйчүүд хүрэн манжин хэрэглэхийг зөвлөдөггүй. Хүрэн манжинг түүхийгээр болон болгож хэрэглэх нь ашигтай чанарын хувьд ч өөр өөр байдаг. С, В5, В9 (фолийн хүчил) аминдэмийг нь хадгалахыг хүсвэл чанаж, жигнэх ззэргээс татгалзаарай. Халуун боловсруулалт хийхдээ хальслахгүй байх нь аминдэм, эрдэс бодисыг нь хамгийн сайн хадгалах бөгөөд чанаж, жигнээд гаргасныхаа дараа шууд мөстэй хүйтэн усанд хэсэг байлгахыг зөвлөж байна.
Бэлтгэсэн Э.Хана