1992 оноос улбаатай Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ энэ удаа “Газрын доорх ус” сэдэв хөндсөн бөгөөд нүдэнд үл харагдах далд баялаг болох гүний усны үнэ цэнийг таниулах, бохирдол, хомстолоос сэргийлэх, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, нөөцийг зохистой ашиглах оновчтой менежмент нэвтрүүлэх чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах уриалга дэвшүүлжээ. Энэ өдрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон арга хэмжээ зохион байгуулж байна. “Ивээлт монгол хүн”, “Тэнгэрийн тайлал”, “Монгол морьтон” төрийн бус байгууллага хамтран нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул гол орчмын хогийг цэвэрлэлээ. “Оюутолгой” ХХК ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Усны хэмнэлт-миний оролцоо” сэдэвт дүрс бичлэгийн уралдаан зарлав. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 23 дугаар сургуулийн сурагчдад энэ сэдвээр “хичээл” заах гэнэ. Туул голын сав газрын захиргааныхан усны зохистой хэрэглээний талаарх баримтат бүтээлийг хүүхэд багачуудад толилуулах нь. Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймгийн БОАЖГ болон сав газрын захиргаад “Хойч үедээ захих нь”, “Газрын доорх усны үнэ цэн”, “Үл харагдах усыг таниулъя” сэдвээр эсээ, дүрс бичлэг, бүтээлийн уралдаан зарлалаа.
Манай орны усны нөөцийн хоёр хувийг газрын доорх ус бүрдүүлдэг боловч одоогийн байдлаар нийт хэрэглээнийхээ 90 хувийг гүнээс хангаж буй нь энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг баталж байна. Гүний усыг хамгийн их ашигладаг нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар. Эдгээр нь нийт хэрэглээнийхээ 43-75 хувийг “далд” нөөцөөс хангадаг аж. Зохисгүй хэрэглээнээс гадна газрын хагарал, химийн гаралтай, аюултай бодис, хотжилт, суурьшлын бүсийн тэлэлт, булсан хог хаягдал, ариун цэврийн байгууламжийн шүүрэл зэрэг хүчин зүйл газрын доорх усны нөөцөд аюул учруулж байгааг Усны газрынхан онцолжээ.