Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, бүтээн байгуулалтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотод өдгөө гэр хорооллыг орон сууцжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төслийг голчлон хотын төвд хэрэгжүүлж байгаа юм. Эл ажлын хүрээнд Их тойруу, Бага тойруу, 40, 50 мянгатын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин барилгажуулах тендер зарладаг ч аж ахуйн нэгжүүд оролцдоггүй гэнэ. Гол шалтгаан нь тэд өндөр буюу багадаа 16, цаашлаад 20-24 давхар барилга барих сонирхолтой байгааг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар шуурхай зөвлөгөөний үеэр хэлжээ. Харин нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын төв хэсэгт зургаан давхраас өндөр барилга бариулахгүй гэж мэдэгдсэн байна.