Нийслэл Улаанбаатар хотын захиргааг Яармаг дахь шинэ байр луу нь нүүлгэж буй. Хэр төвхнөж байгааг нь сонирхож очлоо. Үндсэн А хэсгийг нь ашиглалтад бүрэн оруулжээ. Гэсэн ч гол хаалганы гадна хаяг ч хадаж амжаагүй аж. Хотын захиргааны байр гэдгийг нь хаа сайгүй байх хангарди шувууны дүрсээр бол харин төвөггүй танина. Урд зүгээс, төв хаалгаар оронгуут байх хурлын бололтой том танхимын хаалганы бариулд нь хүртэл хангардийн дүрс шигтгээстэй. Нүүдэл ид дундаа болоод тэр биз ээ, нэгдүгээр давхарт шилэн хаалганы цаана овоолоостой хайрцагтай зүйлс харагдаж байлаа. Байр бүхэлдээ цэвэрхэн, дулаахан, тохилог аж. Ёстой л будаг нь ханхалж байна. Цагаан гантиг шиг шалтай. Шат, бариул, цонх гээд дотор талдаа нэлэнхийдээ цагаан. Харин гаднах өнгөлгөөг хар, цагааныг хослуулан хийжээ. Зочид угтах хэсэгт байх ширээ нь ч ягаан буурал өнгийн гантиг мэт. Ер нь л цагаан, гэгээн өнгөөр дагнасан имиж бүрдүүлснээр нь уг байрыг хотын захиргааны цагаан ордон ч гэхээр.
Оффисын тус шинэ байранд одоогоор нийслэлийн Газар зохион байгуулалтын, Хот байгуулалт, хөгжлийн, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын, Агаарын бохирдолтой тэмцэх гэсэн таван газрынхан очоод буй аж. Саяхнаас ЗДТГ-ынхан нүүж эхэлж гэнэ. Ганц, хоёр хэлтсийнх нь ажилтнууд сандал, ширээгээ байршуулсан гэж байлаа. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын ажилтнуудтай уулзаж ажил, алба нь хэр байгаа талаар тодруулахад “Одоогоор хотын захиргааны толгой байгууллагууд нь нийслэлийн төвд байгаа болохоор заримдаа тийш очих хэрэг гарах юм. Үүнд их хугацаа зарцуулдаг. Бүгд нүүгээд ирэхээр зүгшрэх байх аа” гэлээ. Очмогцоо тус байрны хойшоо харсан хаалганы хэсэгт нэгэн иргэнтэй таарч, хэрэг зорилгынх нь талаар асуулаа. Тэрбээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзжээ. “Ажлаа хурдан бүтээлээ. Энд хүн цөөн тул харин ч чөлөөтэй үйлчлүүллээ” гээд инээж байсан. Мөн тус газрыг сурагласан нэгэн хүнээс ямар асуудлаар хотын захиргааны шинэ байрыг зорьсныг нь асуухад “Газрын давхцалын талаар асууж, тодруулах хэрэг гарсан юм. Анх удаа ийшээ ирлээ. Оръё. Ямар хүмүүс байна, сонирхъё, юу гэхийг нь сонсъё” гэсэн. Энэ мэтчилэн иргэд тийш нүүж очсон байгууллагуудад мэр сэр хандсаар байгаа аж. Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэс гэсэн өрөөний хаалга онгорхой. Шинэ байртай танилцаж яваагаа хэлээд асуудал, бэрхшээл байгаа, эсэхийг асуухад “Ямар ч асуудалгүй” гэлээ. “Unitel”-ийн холболтын инженерүүдтэй таарлаа. Тэд тус байранд энэ сарын 25-нд болох хурлаас өмнө хэрэглэгчдийн утасны сүлжээ ямар ч доголдолгүй байх нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж буй аж. Тэдний хэлснээс санаа авч бусад операторын талаар сонирхоход уг корпусыг хариуцагч менежер, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ажилтан “Unitel”--ийнхэн идэвхтэй ажиллаж байна. Удахгүй “Мобиком”-ынхон болон бусад үүрэн холбооныхон ирнэ гэсэн. Бид энэ байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул, хамгаалалтыг хариуцаж байна” гэсэн юм.
Энэхүү А хэсэгт нэр дурдсан газар, албадын ажилтнууд түр байрлаж байгаа юм билээ. Урдхан талд нь барьж буй Б хэсгийг ашиглалтад оруулахад тэд тийш шилжиж, энд зөвхөн нийслэлийн ЗДТГ-ын болон ИТХ-ын ажлын албаныхан үлдэх юм билээ. Ийм мэдээлэлтэй байсан болохоор уг ажилтнаас хоёр дахь байрыг хэзээ ашиглалтад оруулахыг асуухад “Мэдэхгүй. Та барилгын ажил гүйцэтгэгч “Темпланд” компанийн удирдлагатай уулз” гэж байлаа. Уулзаж, тодруулах санаа байсан ч тухайн барилга дээр ажил хийж буй хүн харагдсангүй. Хашааных нь хаалга хаалттай, ажин түжин тул тийш орох гэж зүтгэхийн хэрэггүй нь ойлгомжтой байлаа. Хотын захиргааны шинэ байр гурван хэсгээс бүрддэг. Үндсэн А блок нь дөрвөн хэсэгтэй. Нийт 21 мянган ам метр талбай бүхий бөгөөд оффис, үйлчилгээ, хурал, үзэсгэлэнгийн зориулалттай танхимтай. Энд түрүүнд хэлсэнчлэн нийслэлийн ИТХ-ын ажлын алба, хуралдааны танхим, нийслэлийн ЗДТГ, нэг цэгийн үйлчилгээний хэсэг, музей, хүндэтгэлийн, хурал болон сургалтын зориулалттай хэд хэдэн танхим, ресторантай байх аж. Хуралдааны танхим гэхэд 14 байх юм билээ.
Харин Б блок нь 13 давхар барилга юм. Хоёр хэсгээс бүрдсэн, нийт 30 мянган ам метр талбай бүхий. Энд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрууд байрлана. Тухайлбал, Авто замын хөгжлийн, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Газрын харилцааны алба, Байгаль орчны, Хүнс, хөдөө аж ахуйн, Эрүүл мэндийн, Хөрөнгө оруулалтын газар, Дотоод аудитын алба, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байна. Уг Б блокийг ирэх наймдугаар сараас нааш ашиглалтад оруулж чадахгүй хэмээн ярьцгааж байна лээ. Тэгэхээр тэр болтол нүүдэл шувтрахгүй гэж ойлгомоор ч юм шиг. Үүгээр далимдуулж иргэдийг чирэгдүүлэх вий гэж бодож байлаа. В блок гэж иргэдэд үйлчилгээ үзүүлэх барилга байх аж. Үүнд биеийн тамирын танхим, нэг цэгийн үйлчилгээ, фитнес клуб, олон төрөлт хоолны газрууд байрлах юм байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр, төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэдэг. Тэгэхээр нийслэлийн төв цэг рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчдог гэсэн үг. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр уг ачаалал буурна гэж үзсэнээр энэхүү шинэ оффисыг бариад буй билээ.
2018 оны долдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Гэтэл өдгөө А блокийг л ашиглалтад бүрэн оруулаад байгаа. Тиймээс энэ оны эхнээс эхэлсэн нүүдэл хэзээ хүртэл сунжрах бол гэсэн бодолтой буцлаа.Барилгын ажил хаанаа, юуны учир гацаад байгаа талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тайлбарлах биз ээ.