Польшийн оргодол цэрэг Эмил Чечко дүүжлэгдсэн олдсон тухай Беларусийн Мөрдөн шалгах хороо мэдээлэв. Тэрбээр олон удаа ярилцлага өгөхдөө Польшийн эрх баригчид Беларусьтай залгаа хилийг давсан цагаачдын эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг мэдэгдсэн юм. Одоогоор шалгалт хийж, амьсгал хураасан шалтгааныг тогтоохын тулд шүүх эмнэлгийн шинжилгээ хийж буй гэнэ. Мөрдөн шалгалтын явцад боломжит бүх хувилбарыг, тэр дундаа хүчирхийллийн шинж тэмдэг бий, эсэхийг тогтоох аж. Эмил Чечког өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд Беларусийн хилчид саатуулсан юм. Түүний мэдээлснээр амь үрэгдсэн байж болох 240 гаруй цагаачийн цогцсыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгджээ. Тэрбээр мөн хил дээр болж буй үйл явдлыг Польшийн олон нийтэд үнэн мөнөөр хүргэхийг хүсэж, Гаагын шүүхэд ч хандсан юм. Польш, Беларусийн хил дээрх цагаачлалын хямрал өнгөрсөн оны улс төрийн гол сэдвүүдийн нэг болсон билээ.