Рохинжчуудын талаар Мьянмарын эрх баригчдын явуулсан үйл ажиллагааг хоморголон устгах гэмт хэрэг гэж АНУ-ын засаг захиргаа үзэж буйг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжлав. Тэрбээр Вашингтон дахь Холокостын дурсгалын музейд үг хэлсэн аж. Болзошгүй шүүх ажиллагаанд бэлтгэж, Мьянмарт ийм гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт цуглуулж байгаа НҮБ-ын агентлагт АНУ нэг сая долларын тусламж үзүүлэх гэнэ. Гэхдээ хоморголон устгах гэмт хэрэг үйлдсэнийг зарласан нь Мьянмарын эрх баригчдын эсрэг АНУ хориг арга хэмжээ авна гэсэн үг биш аж. Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд уйгуруудыг хоморголон устгаж, хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн Хятадыг өнгөрсөн жил АНУ-ын эрх баригчид буруутгаж байсан. Харин Бээжин ийм мэдэгдлийг удаа дараа няцаасаар ирсэн билээ. Мьянмарын цэргийн командлал өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, тус улсын иргэний удирдлагыг огцруулсан. Тэднийг 2020 оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр их хэмжээний луйвар хийсэн гэсэн тайлбарыг цэргийнхэн нь хийжээ. Иргэний Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцсэн жагсаал тус улсад одоо ч үргэлжилсээр. Рохинжчуудын эсрэг хоморголон устгах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг Мьянмарын эрх баригчид үгүйсгэж байна