Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулахаар ОХУ төлөвлөж байсныг Хятад улс мэдэж, өөгшүүлж, чимээгүй дэмжиж байсан мэтээр нотлохыг оролдсон нь ташаа мэдээлэл хэмээн уг асуудлаарх Хятад улсын байр суурийг Америкийн ард түмэнд тайлбарлах, “аливаа эндүүрэл, цуу үгийг няцаах” зорилготой өгүүлэлдээ АНУ-д суугаа Хятадын Элчин сайд Цинь Ган онцолсон байна. “Энэ бүх мэдээлэл нь бурууг Хятадад тохож, гүтгэж гутаахад зориулагдсан” гэж тэрбээр мэдэгдлээ. Украинд Хятадын 6000 иргэн амьдардаг, Оросын адилаар Хятад нь Украины худалдааны том түнш болохыг Элчин сайд тэмдэглээд, хэрэв бид урьдчилан дуулж мэдсэн сэн бол цэргийн ажиллагаанаас зайлсхийлгэхийн тулд боломжтой бүхнийг хийх байсан. Хятадын байгууллага, үйлдвэрийн газруудын эсрэг хориг тавих гэсэн Вашингтоны албаны зарим нэг хүний санаархлыг “хүлээж авшгүй” гэж Цинь Ган үзлээ. “Дайн, хоригийн аль нь ч энхийг бий болгохгүй. Хятадын компаниудын эсрэг хориг тавихын зэрэгцээ Хятадаас дэмжлэг хүлээж, түүнтэй хамтарч ажиллах боломжгүй. Украины хямралыг Тайванийн асуудалтай холбох гэж оролдсон хэн ч алдаа хийж буй хэрэг. Энэ хоёр асуудал тэс өөр гэж Элчин сайд хэллээ.
“Украин тусгаар улс бол Тайвань нь Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Тайвань бол Хятадын дотоод хэрэг” гэж Цинь Ган тэмдэглэв. Тэрбээр “Хятад улс эх орноо энхийн замаар нэгтгэхийн төлөө байдаг. Тэгэхдээ бид Тайванийн тусгаар тогтнолыг хадгалах бүх боломжийг бий болгоно. “Нэг Хятад” бодлогыг АНУ тууштай баримтална гэдэгт бид итгэдэг” гэж Хятадын Элчин сайд мэдэгджээ. Зөрчлөөс үүдсэн хүмүүнлэгийн хямралыг зогсоох, Украин, Оросын хоорондох энхийн яриа хэлэлцээг урагш ахиулахад Хятад хүчин чармайлт гаргана. Тайванийн хойгийн эрэг дээр удаан хугацааны энх тайван, тогтвортой байдал бий болгохын төлөө Хятад, Америк хамтран ажиллах ёстой хэмээн тэрбээр онцлов. Украин дахь цэргийн ажиллагааны талаар АНУ-ын түгээж буй мэдээлэлд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Чао Лицянь тайлбар хийв. Түүний хэлснээр Хятадаас ОХУ цэргийн тусламж хүсээгүй аж. Украинд байгаа биологийн лабораториудын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэхийг АНУ-аас Хятадын Гадаад харилцааны яам шаардав. Түүнчлэн олон улсын шинжээчид эдгээр лабораторид бусдаас хамааралгүй судалгаа явуулах боломж олгохыг уриаллаа. Хятадын талаар АНУ сүүлийн үед санаатайгаар ташаа мэдээлэл түгээж байна гэж Чао Лицянь мэдэгдлээ. “Одоогийн нөхцөлд талууд тэвчээртэй байж, гал руу тос хийлгүй нөхцөл байдлыг намжаах, асуудлыг дипломат аргаар зохицуулах үйл явцыг урагшлуулахын төлөө хамтын чармайлт гаргах нь чухал болохыг Хятадын ГХЯ-ны төлөөлөгч онцоллоо. Тэрбээр Украин дах биологийн лабораторийн тухай бас хөндөв. “АНУ өөрийн үйл ажиллагааг үнэн шударга болохыг нотлохыг хүсэж буй бол энэ лабораториудаа олон улсын шинжээчдээр бие даасан судалгаа хийлгэхээр яагаад нээхгүй байгаа юм бэ” хэмээн асуув. Москвад Бээжин эд материалын болон эдийн засгийн тусламж хэрхэн үзүүлж буйг Вашингтон анхааралтай ажиглаж байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Жейк Салливан мэдэгдсэн аж. Түүний үзэж буйгаар Өрнөдийн тавьсан хоригоос Орост учрах хохирлыг нь хуваалцахаар Хятад тусалбал үүний үр дагавар ямар байхыг АНУ хүлээж байгаа аж. Өрнөдийн хоригийг гэтлэхэд туслахаар Оростой хамтран ажиллаж байгаа Хятадын компаниудад хатуу хариу амсуулна гэж Америкийн Худалдааны сайд Жина Раймонд амлав. Хятадын эдгээр компанийг Америкийн тоног төхөөрөмж, хөтөлбөрт хангамжаас тасална гэж заналхийлжээ. Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Испанийн ажил алба нэгтэй Хосе Мануэльтэй утсаар ярихдаа Украины хямралын асуудлаар Хятадын баримталж буй байр суурийг гутаах оролдлогыг зарим хүчин олон улсын тавцан дээр хийж байна хэмээн хэлжээ. Хятад бол энх тайван, аюулгүй байдлын асуудлаар дэлхийн хэмжээнд тэргүүлж яваа гүрэн гэж тэрбээр санууллаа. Украиныг цэрэг, зэвсэггүй болгох тусгай ажиллагаа явуулахад тусламж үзүүлэхийг хүсэж Хятад болон өөр ямар нэг улсад Москва хандаагүй гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков урьд нь мэдэгдэж, тусгай ажиллагааг өөрийн хүчээр явуулах хангалттай нөөц Орост бий гэж хэлж байсан юм.
Европ тивд дахин дайн дэгдсэнд харамсаж буйгаа Бээжин илэрхийлээд Орос, Украины хоорондын байдал явсаар ийм эгзэгтэй цэгт очиход АНУ-ын тэргүүлсэн НАТО-гийн үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж буйгаа Хятадын ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Чао Лицянь илэрхийлсэн. БНХАУ-ын дарга Си Зиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц нартай цахимаар уулзахдаа хүмүүнлэгийн өргөн цар хүрээтэй хямралаас зайлхийхийн тулд дээд зэргээр тэсвэр тэвчээр гаргахыг уриалж, Киевт тусламж үзүүлэхээ амласан. Эдний Улаан загалмайн нийгэмлэг нь хүмүүнлэгийн тусламжийн эхний ээлжээ Украин руу илгээв. 800 мянган ам.долларын хүнсний бүтээгдэхүүн хийгээд нэн тэргүүнд шаардлагатай эд зүйл бас Киевт өгөх гэж байна. Хятад улс Украин руу Орос довтолсныг ил шулуун буруутгахгүй ч дэмжээгүйн зэрэгцээ Оросын эсрэг тавьж буй хоригийг нэг бус удаа шүүмжиллээ. Өрнөдийн тусгай албадын тагнуулын мэдээнд үндэслэн “Нью-Йорк таймс” сонин Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэхээр Ерөнхийлөгч Путиний төлөвлөсөн хугацааг Хятадын удирдлага мэдэж байсан бөгөөд гагцхүү Бээжингийн өвлийн олимпын тоглолт дуусахаас өмнө түүнийгээ эхлүүлэхгүй байхыг хүссэн, тэгээд хоёрдугаар сарын 20-нд тоглолт ч дууссан, Оросын довтолгоо 24-нд эхэлсэн гэж бичсэн юм.
Хятадын асуудлаар мэргэшсэн Оросын судлаач Алексей Маслов Орос, Украины зөрчилдөөнд Хятадын хандаж буй байр суурийг “Хятадын улс төрийн уламжлалт соёлын стандартад гойд нийцсэн” гэж тодорхойлоод “Ойрын үед Тайванийн асуудлыг аль нэг маягаар шийдвэрлэхийг үгүйсгэх аргагүй” гэж хэллээ. Тэгэхдээ цэрэг дайны арга замаар Тайваньд хандахыг Бээжин хүсэхгүй байгаа. Сүүлийн 70 гаруй жил Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үзэж ирсэн болохоор түүнийг Украинтай харьцуулах аргагүй. Тийм болохоор тэмцэл энд салан тусгаарлахын эсрэг л чиглэж буй болохоос эзлэн түрэмгийлэх гээгүй. Алексей Маслов ийм байр суурьтай байна. Өрнөд хоригоо нэмэгдүүлж, барьцаа чангаруулж байгаа нөхцөлд Бээжингийн эдийн засгийн дэмжлэгт Москва найдаж буй нь мэдээж. Орос Өрнөдөөс нүүр буруулсаар Хятадтай худалдааны харилцаагаа үлэмж бэхжүүлж ирсэн. 2020 онд 100 тэрбум ам.доллар байсан бараа эргэлт нь 2024 онд 200 тэрбумд хүрнэ гэж найдаж буйгаа Оросын удирдагч хоёрдугаар сард Хятадын даргатай уулзах үеэрээ илэрхийлсэн юм. БНХАУ-ын санаачилгаар байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Орос, Беларусьт төслүүд хэрэгжүүлэхээ зогсоосон нь мэдээж Орос, Украины хооронд дайн дэгдсэнтэй холбоотой. Алексей Масловын дурдсанаар өнгөрсөн онд Орос, Хятадын хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцэн тохиролцсон хэмжээ 120 тэрбум ам.долларт хүрчээ. Хятад одоо амлалтынхаа заримыг нь ч гэсэн биелүүлбэл энэ нь Оросын хувьд чамлахааргүй дэмжлэг болох юм. Хятадын автомашины үйлдвэрийг Орост байгуулах төсөл яригдаж байсан, Хятадын хувьд одоо шинэ боломж бий болж байгаа ч тэдний зүгээс тодорхой санал тавихгүй байна.
Орос, Украины дайны нөхцөлд Хятадын баримталж буй байр суурийг судлаач, шинжээчид хэд хэдэн зүйлээр тодорхойлсон байна. Хятадыг төвийг сахиж, тэгэхдээ Америкийн эсрэг хандлагатай байна гэж үзэж буй. Юуны урьд Оросыг нэлээд сулруулах, ингэснээр Орос дахь зах зээлээ өргөтгөж, Москвад үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлж, Өрнөд “гадуурхаж” буй нөхцөлд Азиас түүний хамаарлыг нь ихэсгэх зорилготой байх шиг байна. Хоёрдугаарт, Орос, Хятад ойртох болсон суурь шалтгаан нь АНУ-ын гадаад бодлогыг эсэргүүцэх, дэлхий дахины үйл хэрэгт түүний ноёлох байдлыг нураах байв. Энэ хоёрын холбоо эхнээсээ л бүс нутгийнх биш, түүнээс хавьгүй өргөн цар хүрээтэй байсан. Гуравдугаарт, Оросын эсрэг Өрнөдийн хоригт Хятад нэгдэхгүй. АНУ бол Украин дахь дайныг ашиглан Хятадыг Оросын эсрэг хоригт нэгдүүлэх сонирхол маш их байгаа, тиймээс Украины эсрэг Орост Хятад улс цэргийн тусламж үзүүлэх гэж байна гэх сурталчилгааг ихээр хийж Хятадын асуудлаар гуйвж дайвж байгаа Европын холбоотнуудаа үүнд итгүүлэхийг оролдож байна. Тэгвэл Орос, Дорнод Европ, Төв Азийн асуудлаарх Шанхайн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн удирдагч Лю Цянь “Global times”-т нийтлүүлсэн өгүүлэлдээ “НАТО-г дорно зүг рүү тэлж, Орост үзүүлэх дарамтыг нэмэгдүүлснээр Украины хямралыг энэ хэмжээнд хүртэл хурцатгахад АНУ бүхнээс илүү нөлөөлсөн” гэж бичсэн байна. Түүний үзэж буйгаар АНУ-ын удирдлагад Жозеф Байден ирж, Умард Атлантын эвслийг бэхжүүлэхийг шийдсэнээс байдал дордсон аж. Тус эвслийн эгнээнд багтах гэсэн Киевийн хүсэлтийг Оростой сөргөлдөхийг дэмжихэд ашигласан гэж Лю Цянь Вашингтоныг буруутгав. АНУ-ын Энэтхэг, Номхон далайн стратегийн чин зорилго нь энэ бүс нутагт НАТО-гийн хувилбар бий болгох явдал гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын эхээр мэдэгдсэн юм. АНУ өөрийн хүлээх хариуцлагыг үл хайхран Украины талаар Хятадын баримталж буй байр суурийг шүүмжилж байгаа нь өөрийн ноёрхлыг хадгалж үлдэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулах, Хятад, Орос хоёрт зэрэг дарамт үзүүлэхийг санаархсан хэрэг гэж Хятад улс үзэж буйг Гадаад харилцааны яамны төлөөлөгч Чао Лицянь илэрхийллээ.
Бэлтгэсэн Т.Жаргалант