Ноос, ноолуур, арьс, шир бэлтгэхэд зориулж энэ хавар 190 тэрбум төгрөгийн зээл олгох болсон. Уг зээлийн хугацаа хоёр жил, хүү нь гурван хувь аж. Мөн түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийдэг бүх үйлдвэр энэхүү зээлийг авах боломжтойг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээллээ. Зээл авах боломжтой үйлдвэр, аж ахуйн нэрсийг салбарын яам гарган, банкуудад илгээх юм байна. Гэхдээ арилжааны банкууд зээлийн шалгуураа тавин, бүрдүүлсэн материалыг нь хянах юм. 190 тэрбум төгрөгийн зээл олгосноор малын гаралтай түүхий эд боловсруулах түвшнийг ахиулж, үндэсний үйлдвэрийн бүтээмжийг өсгөж, нэмүү өртгийн сүлжээ бий болгон, экспортыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Ташрамд дурдахад, зүүн аймгуудын малчид ноолуураа самнан, борлуулж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар кг нь 120 000-150 000 төгрөгийн ханштай байв
Бэлтгэсэн С.Дулам