Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт шалгуулах болсонтой холбоотойгоор хил давж зугтан, АНУ-аас орогнол хүссэн шүүгч С.Төмөрбатыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Шүүхийн сахилгын хорооноос өнгөрсөн баасан гарагт гаргалаа. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хууль зөрчсөн байж болзошгүй тухай албан бичгийг АТГ-аас 2020 оны гуравдугаар сарын 4-нд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн аж. 2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн тухай болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу уг албан бичгийг өнгөрсөн өвөл Шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн юм байна. Улмаар сахилгын хэрэг үүсгэн шалгаж, тус хорооны хурлаар хэлэлцээд С.Төмөрбатыг огцруулах шийтгэл оноосон юм. Түүнийг огцруулах үндэслэл нь Шүүхийн тухай хуулийн 52.1-т заасан “Шүүгч Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн, зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэх заалтыг зөрчин гурван жил ХАСХОМ-ээ бүртгүүлээгүйтэй холбоотой аж. Уг нь ШЕЗ-ийнхөн, Ёс зүйн хорооныхон ажлаа хоёр жил хийлгүй тасалж алга болсон, хэргийн оролцогч нарын эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлээр огцруулах боломж байсан ч шийдвэрлээгүй гэдэг. С.Төмөрбат нь 2019 оны зургадугаар сарын 26- нд гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ руу гарч, улмаар Москвагаар дамжин АНУ-д очсон байдаг. Уг нь АНУ-ын тал эхэндээ түүнийг манай улсад хүлээлгэн өгөх гэж байсан ч тухайн улсаас орогнол хүссэн шалтгааныг нь судалж үзэх нэрийдлээр өдий болтол шилжүүлээгүй юм. Тэрбээр “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдон шалгуулахаар болох үедээ ийнхүү хил давж явсан агаад АНУ-д гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүс байдаг нь ч эх оронд нь шилжүүлэн өгөхөөс татгалзах нэг үндэслэл болсон сурагтай.
Бэлтгэсэн Г.Цолмон