Монгол Улс олон жилийн өмнөөс өндөр чадлын, анхны УЦС барья гэж ярьсан ч хэрэгжүүлэлгүй өдий хүрэв. Импортын хамаарлыг бууруулах, сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувийг үлэмж нэмэгдүүлэх нөлөөтэй Эгийн голын УЦС-ыг барих гэж олон арван жил, өчнөөн хөрөнгө зарцуулсан ч өдгөө барилга, байгууламж гэх зүйл алга. Уг төслийн талаар ЭХЯ-наас тодруулахад, “Одоогоор ярих боломжгүй” гэсэн бол БОАЖЯ-ныхан мөн л мэдээлэл өгсөнгүй. ЭХЯ-ны харьяа Эгийн голын УЦС-ын төслийн нэгжийн мэргэжилтнээс зарим зүйлийг лавлахад, “Эгийн голд УЦС барих нь Байгал нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө хэмээн ОХУ манайхыг буруутган, ЮНЕСКО-д хандсан. Байгал нуур нь тус байгууллагад бүртгэлтэй, дэлхийн өвд тооцогддог. Харин бид нуурын экосистемд хор нөлөө үзүүлэхгүй гэдгийг батлуулахаар хөндлөнгийн буюу Францын компанийг сонгоод байгаа. Судалгааны дүгнэлт гарах хугацаа цар тахлын улмаас хойшилсон бөгөөд ирэх аравдугаар сард бэлэн болно. Байгал нуураас эх авсан Ангар мөрөн дээрээ оросууд 13 000 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн УЦС байгуулсан шүү дээ. Судалгааны шийдвэр манай талд ашигтай гарна гэдэгт итгэж байна. Эгийн голын УЦС-ын төслийн нэгжид одоогоор гурван хүн ажилладаг. Булганы Хутаг-Өндөрт хийсэн ажил байхгүй гэж болно. 2014-2016 онд боловсруулсан ТЭЗҮ-ийг баримталж байгаа” хэмээв. Өнгөрсөн оны эцэст УИХ-ын чуулганд Ерөнхий сайдын хэлснээс үүдэн бодвол сэргээгдэх эх үүсвэрийн төслүүдийг “хөдөлгөхийг” зорьж буй бололтой. Гэвч тусгаар тогтносон Монгол Улс эл УЦС-ын төслийг хэрэгжүүлэхэд ямар бодлого баримталж буй болон цаашид бусдаас хараат бусаар хэрэгжүүлж чадах, эсэх нь тодорхойгүй байна. Өдгөө манайд байнгын ажиллагаатай хоёр, улирлын чанартай таван УЦС бий бөгөөд бүгд бага оврынх (26 МВт) юм. Дахиад 30 жил өнгөрөхөд ийм л УЦС-уудтай хэвээр байх юм биш биз.
Элгээрээ хэвтсэн гэхэд ч хэтрүүлсэн болохгүй эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг харахад “Тэнэгийн дотор уужуу” гэх үг тохирох мэт. Энэ салбарын найдвартай, аюулгүй байдал алдагдсан, өсөн нэмэгдэж буй хэрэглээг цаашид хангах боломжгүйд хүрэх өндөр эрсдэлтэй учраас ийнхүү хэлсэн хэрэг. ДЦС, цахилгаан дамжуулах агаарын шугамын насжилт хэдийн хэтэрснийг мэргэжилтнүүд байнга сануулдаг. Гэвч тус салбарт дорвитой хөрөнгө оруулж, шинэ эх үүсвэр барьсан нь үгүй. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг 2015 онд баталснаас хойш уг салбарт оруулсан хөрөнгө нь шаардагдах санхүүжилтийн ердөө 8.8 хувьтай тэнцсэнийг Үндэсний аудитын газраас өнгөрсөн сард гаргасан тайланд бичжээ. Өдгөө манай улс эрчим хүчнийхээ хэрэглээний 80 орчим хувийг дотоодоос хангадаг бол ОХУ-аас худалдан авахад сүүлийн арванд жил бүр дунджаар 20 гаруй сая ам.доллар зарцуулсан дүн бий. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 85 хувийг дотоодын эх үүсвэрээс хангах зорилт тавьснаа ч биелүүлж чадсангүй. Нөгөөтээгүүр, нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 онд 20-д хүргэхээр зорьсон ч өмнөх жилийн гуравдугаар улирлын байдлаар дээрх тоо 17.8 байжээ.
Эгийн голын УЦС-ыг барихаар 1991, 2006, 2013, 2017 онд гээд дөрвөн удаа зүтгүүлсэн ч монголчууд хоорондоо зөрчилдөн, эсвэл ОХУ-аас саад тавин, ЮНЕСКО ч хошуу нэмж, “ангайсаар” хэдийн 31 жил өнгөрлөө. Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумд 315 МВт-ын УЦС, цахилгаан дамжуулах 73 км-ийн шугам, хатуу хучилттай 72 км авто зам барьснаар эрчим хүч худалдан авахад жилд зарцуулдаг зардлыг 70 гаруй хувиар бууруулна гэж тооцсон ч энэ нь “мөрөөдөл” хэвээр байгаа юм. Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1543 МВт аж. Үүний тавны нэг орчимтой тэнцэх хэмжээний хүчин чадалтай дээрх УЦС-ыг барих нь цахилгааны эрэлтийг хангах, төвийн эрчим хүчний системийн диспетчерийн горим, тохиргоог хангах зэрэг ач холбогдолтой, уг нь.
Түүх сөхөхөд, Эгийн голд УЦС барих боломжтой тухай дүгнэлтийг нэгэн жарны өмнө буюу 1964 онд гаргажээ. Монгол Улсын усны нөөц, ашиглалтын талаар 1950 оны дунд үеэс манай эрдэмтэн, судлаачид ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Үүний хүрээнд хэд хэдэн голд УЦС барьж болох тухай санал нийлэн, Эг, Тайшир, Эрдэнэбүрэн, Чоно харайх, Дэлгэрмөрөн зэрэг голыг онцолж байв. Эгийн голын савд анх 220 МВт-ын хүчин чадалтай УЦС байгуулахаар тооцсон ч 300-600 МВт-ынхыг барихад 350 сая ам.доллар зарцуулах урьдчилсан дүгнэлтийг 1996 онд Засгийн газраас гаргажээ. Түүнчлэн Малайзын Засгийн газрын санхүүжилтээр гурван жилийн дотор 450 МВт-ын хүчин чадалтай УЦС байгуулж, 18 жилийн дараа манайд хүлээлгэн өгөх аман тохиролцоог ч талууд хийсэн гэдэг. Гэтэл Малайзаас бус, Чехээс хөрөнгө татна хэмээн УИХ-ын гишүүд хоорондоо санал зөрснөөр уг санаачилга талаар болжээ. 1991-1995 онд Эгийн голын УЦС-ын төслийн нэгжид инженерээр ажилласан, УЦС-ын байгууламжийн инженер, доктор Б.Очиржав “УЦС байгальд хор нөлөөгүйг олон улсын туршлага баталдаг. Ийм станцаас эрчим хүч үйлдвэрлэхээс гадна усан сан бий болгон, тухайн орчны экосистемийг сайжруулдаг давуу талтай. Эгийн голын цэнгэг усаар хиймэл нуур үүсгэх нь усны нөөц бий болгоно. Мөн эдийн засаг, аялал жуулчлалын салбарт жишиг болохуйц бүтээн байгуулалт болох юм. Манай улсын голуудаас жилд 65 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх нөөц бий. Цаашид бид гол, мөрний усаа хэрхэн ашиглах, урсцыг нь дотооддоо үлдээх, хиймэл нуур, далан байгуулахад илүү анхаарах хэрэгтэй. Эгийн голын УЦС-ын төслийн ажлыг гацаадаг шалтгаан бол ердөө л улс төрийн нөлөө шүү дээ. Товчхондоо, ОХУ манайхыг эрчим хүчний хараат байлгахыг эрмэлзэж буй хэрэг” гэв.
1992-1995 онд Азийн хөгжлийн
банкны санхүүжилтээр Швейцар, Итали, Монголын компаниуд хамтран тухайн станцын байгаль орчинд үзүүлэх нарийвчилсан үнэлгээ хийсэн байна.
2006.06.09
Ерөнхий сайд М.Энхболд Эгийн голын УЦС-ын шав тавих ёслолд оролцов.
11.22-27
Ерөнхий сайд М.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр өмнөд хөршийн Засгийн газраас манайд 50 сая юанийн буцалтгүй тусламж, Эгийн голд УЦС барихад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж, талууд гарын үсэг зуржээ. Гэхдээ 300 сая “ногоон”-ыг авч зарцуулсан, эсэх тухай мэдээлэл алга.
2013 оны 10 дугаар сар
Төслийн нэгжийг ахин байгуулж, ТЭЗҮ-ийг нь боловсруулжээ. Уг ТЭЗҮ-д УЦС-ын хүчин чадлыг 315 МВт байхаар тусган, байгаль орчинд ээлтэй, дэвшилт технологи суурилуулсан, орчин үеийн байгууламж бий болгох зорилт тавьж байсан аж.
2015 оны 5-10 дугаар сар
Эгийн голын УЦС барих газар буюу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдийн төлөөлөл Тайшир, Дөргөний УЦС-ын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Эгийн голын загасны судалгааг эхлүүлж, түүх соёлын олдворыг хамгаалах тухай тайланг дуусгаснаа мэдээлж байв. Бас Хутаг-Өндөр сумын Хантай багийн шинэ байршлын ерөнхий төлөвлөгөөг иргэдээр хэлэлцүүлжээ.
2016.04.14
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг хүлээн авч уулзах үеэрээ Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талаар мэдээлэл өгчээ.
2016.05.18
Д.ОДХҮҮ (Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн захирал):
-Манай тал БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас зээл авах шийдвэрээ гаргаад бэлэн болчихсон. Одоогоор манай тал хийх ажлынхаа 97-98 хувийг гүйцэтгэсэн. Барих, шилжүүлэх гэрээгээ монгол, англи хэлээр бэлдсэн. Хятадын зээлээр, хятад компани гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд сонгон шалгаруулалтыг монголчууд хийх учиртай.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
• Tender.gov.mn цахим хуудсанд тэмдэглэснээр
“ЭГУЦС” ТӨХХК 2018 оны найм, арваннэг, 2019 оны нэгдүгээр сард нийт дөрвөн удаа тендер зарласан байна. Тодруулбал, зөвлөх үйлчилгээ авах тендер тус бүрийн өртөг 1.5 тэрбум төгрөг байв.
2017.04.20
Д.БУДХҮҮ (“Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн Инженер, техникийн албаны дарга):
-Эгийн голын УЦС-ыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумд барина. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 2006 онд төс-
лийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэсэн ч Засгийн газар солигдон, ажил зогссон. 2011 онд төслийн нэгжийг дахин байгуулаад ажиллаж байна. Монгол, ОХУ-ын эрдэмтдийн уулзалтыг энэ оны эхний хагаст зохион байгуулж, Байгал нуурын гидрогеологид үзүүлэх нөлөөг хэлэлцэхээр болсон. Бид Байгал нуурт нөлөө багатайг нотлох гээд байдаг. Оросууд болохоор “Байгал нуур ширгэнэ” гэж яриад байгаа. Манайхыг Эгийн голд УЦС барих тухай ярихаар л оросууд Байгал нууртаа хайртай болдог.
2014-2016 онд дээрх албан
тушаалыг хашсан түүнтэй уулзахад:
-Бид Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ-ийг шинэчилж, олон ажил хийсэн. Энэ УЦС-ыг баривал Байгал нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэдэг нь өрөөсгөл ойлголт. Эгийн гол нь Байгал нуураас 600 гаруй км-ийн зайтай. Тус станцыг барьснаар Сэлэнгэ мөрөн, Байгал нуурт ямар нөлөө үзүүлэх талаарх судалгааг Францын “Трактебел инженеринг” компаниар 2014 онд хийлгэн, ОХУ-ын хүсэлтийн дагуу тайланг нь илгээсэн. УЦС-ын Байгал нуурт үзүүлэх нөлөөг 0.023 хувь гэж судалгаагаар тогтоосон нь ямар ч нөлөөгүй гэсэн үг. ОХУ Ангар мөрөн дээр хамгийн сүүлд УЦС барихад тус компани зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Монгол, ОХУ-ын хооронд 1995 онд хилийн усны хэлэлцээр байгуулсан. Хил дамнан урсаж буй гол, голын ай савд усны барилга, бүтээн байгуулалтын ажил хийхээр бол зөвхөн мэдээлэл солилцохоор үүнд тусгасан байдаг. Эгийн гол нь хилийн усны хэлэлцээрт хамаардаггүй. Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны үнэлгээ гаргах болон нүүлгэн шилжүүлэх ажил хийх, зарим тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад 2014-2016 онд долоон сая гаруй ам.доллар зарцуулсан. Тухайн үед авсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг зарсан сураг дуулдсан. Эгийн голд УЦС барих, эсэх нь манай улсын дотоод асуудал, ЮНЕСКО болон ОХУ-д хамаагүй гэв.
(“Технологи, хөрөнгө оруулалт Монгол-2017” олон улсын үзэсгэлэн, хуралд Эгийн голын УЦС-ын төслийн талаар танилцуулга хийх үеэр)
2017 оны тавдугаар сар
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо байгалийн хосгүй тогтоц бүхий, дэлхийн цэнгэг усны 10 гаруй хувийг бүрдүүлэгч Байгал нуурын экосистемд сөргөөр нөлөөлөх ажил эхлүүлж байна хэмээн манайд сануулжээ. Тодруулбал, Байгал нуурын хамгийн том цутгал Сэлэнгэ мөрний ай сав, Эгийн голд УЦС барих төслийн үйл ажиллагааг идэвхжүүлсэндээ тайлбар өгөхийг Монгол Улсын Засгийн газраас шаардсан аж.
2016.05.23-24
“Монгол Улсад хэрэгжүүлэхээр
төлөвлөж байгаа зарим усан цахилгаан станц, усны барилга байгууламжийн төслүүдийн талаар ОХУ-д мэдээлэл өгөх уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгууллаа. Энэ үеэр хамтарсан протокол байгуулсан бөгөөд түүнд “Өөрийн нутаг дэвсгэр дэх усны нөөцийг хамгаалах, ашиглах асуудлыг бие даан шийдвэрлэх Монголын талын эрхийг хүндэтгэж, Эгийн голын УЦС-ын төсөл болон урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессын гүйцэтгэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Монголын мэдэгдлийг Оросын тал анхааран хүлээн авсан” гэсэн
заалт тусгасан хэмээн мэдээлж байв.
2019 он
Эгийн голын УЦС-ыг баривал Сэлэнгэ мөрөн, Байгал нуурт ямар нөлөө үзүүлэхийг тогтоолгохоор Францын компанийг сон-
госон. Гэвч цар тахал дэгдэж, хил хаасантай холбоотойгоор уг ажлыг зогсоожээ.
2021.11.29
С.АМАРСАЙХАН (Шадар сайд):
-Монгол Улс бусад
оронтой эдийн засгийн харилцан өгөөжтэй хамтран ажиллах бодлого баримталдаг. Үүний хүрээнд Эгийн голын УЦС болон эрчим хүчний бусад төслийн талаар өргөн хүрээнд хэлэлцлээ. Уг төсөл байгаль орчинд сөрөг нөлөөтэй байж болзошгүй учраас ОХУ оролцох, эсэхээ шууд хэлэх боломжгүй гэсэн. Тиймээс энэ төсөл байгаль орчинд хэрхэн нөлөөлөх болон хил орчмын гол горхийг хамгаалах боломжийг манай улс хамтран судлах байр суурь илэрхийлж буй. Үл ойлголцсон, ноцтой асуудал байхгүй. Эгийн голын УЦС-ын төслийг зогсоох талаар яриагүй” (Монгол, Оросын Засгийн газрын комиссын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2016 оны намар Эгийн голд гүүр барихаар ирсэн БНХАУ-ын баг ажлаа гэнэт зогсоон, үргэлжлүүлэхээс татгалзжээ. Учир нь “Танайх ОХУ-аас зөвшөөрөл авахгүй бол бид санхүүжилтээ үргэлжлүүлэн гаргаж, бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжгүй” гэжээ.
2017.04.12
Засгийн газрын хуралдаанаар “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит компани байгуулан, захирлаар нь Б.Отгонсүхийг томилов. Тухайн үед “ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, эрчим хүчний зах зээл, газар хөдлөл, чичирхийллийн судалгаа, археологийн, авран хамгаалах ажиллагаа, загас болон усны амьтдын судалгаа, дэд бүтцийн ажлын нарийвчилсан зургийг гарган, шинжилгээний ажлыг шинээр хийж гүйцэтгэхийн зэрэгцээ БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийг татан буулгаж, ийнхүү ТӨХХК болгосон гэж мэдээлжээ.
Н.ТАВИНБЭХ (Эрчим хүчний сайд):
-Эгийн гол дээр УЦС барьсан тохиолдолд Байгал нуурт цутгадаг бусад голд хэрхэн нөлөөлөх талаарх судалгааны ажил гүйцэтгүүлэх хүсэлтээ гаргасан. Үүнийг хийлгэхээр олон улсын нээлттэй тендер зарлаж, 2019 онд Францын компанийг шалгаруулсан. Цар тахлын улмаас ажил хойшилсон ч судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Үнэлгээний ажлын тайланг ирэх онд гаргах төлөвлөгөө бий. Үүнийг ОХУ болон Дэлхийн өвийн санд хүргүүлнэ. Дараа нь асуудлаа эргэн ярилцана.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2021.12.30
Л.ОЮУН-ЭРДЭНЭ (Ерөнхий сайд):
-Цөмийн болон устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор УЦС-ыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голынхыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая.
(“Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлэх үеэр)
Бэлтгэсэн Ц.Болор,С.Цэрэн