Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр буюу “Наурыз”-ын баяр тохиож байна.
Энэ баяр нь эртнээс уламжлагдаж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 22 буюу Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр хэмээн үздэг аж. Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг бөгөөд “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг байна. Энэ нь манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлдэг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж иржээ.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаас Наурызын баярыг албан ёсны олон улсын баяраар зарлаж, ЮНЕСКО-гоос “Дэлхийн халдашгүй соёлын өв” хэмээн тунхаглаж байсан билээ.
Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийддэг байна. Гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай юм байна.