Манайд иргэдийг хамгийн ихээр залхаан цээрлүүлдэг, тээг чирэгдэл учруулдаг үйлчилгээний нэгт нотариат зүй ёсоор ордог. Нотариат нь иргэдийг ямар нэгэн залилан мэхлэлт, санхүүгийн алдагдалд орох, шударга бусаас сэргийлэх, цаашлаад төрийн үйлчилгээ авахад баталгаа болдог, хуулиар зөвшөөрсөн эрсдэлээс хамгаалах бүхий тогтолцоо юм. Гэвч Монголд эл үйлчилгээ хэт хавтгайрч, ашиг олохын төлөөх өрсөлдөөн болсон. Энэ нь нотариатын үндсэн үүргийг умартуулаад зогсохгүй хэрэглэгчдийн цаг зав, хэтэвчийг “сордог” хэрэггүй шахам үйлчилгээ болж хувирлаа. Тухайн хүн цахим үнэмлэхээ бариад нотариатчаар өөрийгөө мөн, бишийг нотлуулдаг нь угтаа бол эл үйлчилгээний үндсэн зорилго, чиглэл биш. Гэтэл манайд ихэвчлэн иймэрхүү ач холбогдолгүй баталгаажилт хийлгэхийг хууль нь “шаардсаар” буй. Тиймээс нэгэнт л үндсэн үүрэг, чиглэлийнх нь дагуу ажиллуулдаггүй, өөрсдөө ч тэгж ажилладаггүй нотариатын газруудыг татан буулгавал яасан юм бэ. Нотариатын тухай хуулийн зургадугаар зүйл, 13.1.5 болон 16.1 дэх заалтад тус тус үндэслэн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог. Үүний дагуу нотариатчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн, ял шийтгэлгүй, зохих шаардлагыг хангасан ажлын байртай иргэд уг үйлчилгээг эрхэлж буй. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлснээр нийслэлийн хэмжээнд одоогоор 190 нотариат албан ёсны зөвшөөрөлтэй байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт хамгийн олон буюу 42, Чингэлтэйд 38, Баянголд 36, Баянзүрхэд 27, Сонгинохайрханд 21, Хан-Уулд 18, Налайх, Багануур, Багахангайд нийт долоон нотариатч уг үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авчээ. Төрийн үйлчилгээ авахаас өгсүүлээд хувийн хэвшлийн бизнес, гэрээ, зээл, тусламж, үл хөдлөх хөрөнгийн худалдаа гээд бүх салбарт нотариатгүйгээр ажил урагшлах нь үгүй. Тэр хэрээр нотариатчдын эрэлт, ачаалал их. Гэвч уг үйлчилгээний үнэ цэн, ач холбогдол нь нийгэмд төдийлөн их биш аж. Дэмий л цаг, мөнгө үрж, цаас гарзадсан баталгаажилт нь дийлэнх хувийг эзэлдгийг иргэд шүүмжилсээр удлаа. Үүнийг илтгэх хэд хэдэн жишээ дурдъя.
Иргэн О “Эхийн алдар одон авах болж материал бүрдүүлэхэд цахим үнэмлэх, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан. Төр, засаг нь иргэндээ баталгаагүй баримт бичиг (иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ) тараадаг гэлтэй. Үгүй юм бол яах гээд л дахин дахин энэ мэтээр баталгаажуулаад байдаг юм бол. Төрсний гэрчилгээ нь байсаар атал тухайн хүүхдийг эх нь төрүүлсэн, үгүйг, мөн, бишийг нь зөвхөн нотариатч мэдэж, баталж байна шүү дээ. Ингэх юм бол хүн бүрт төрсний гэрчилгээ өгч яах юм бэ. Цаг, цаасны гарз. Хүүхдээ төрүүлээд шууд нотариатаас л бичиг авчихдаг болъё” гэж ярив. Тэгвэл иргэн Ү “Орчуулгын материалаа эх хувьтай нь нотариатаар батлуулсан. Нотариатч үүнийг нягтлаж он, сар, өдрийг нь ч тулгаж хараагүй. Тийм байж орчуулга нь үнэн зөв, эсэхийг яаж мэддэг байна. Олон улсад бол иймэрхүү баримт бичгийг баталдаг нотариатч тусдаа байдаг. Тэд 3-5 гадаад хэлний мэдлэгтэй байх жишээтэй. Гэтэл Монголд ийм чадвартай нотариатч цөөн, мөнгө олж л байвал юуг ч хамаагүй баталчихдаг” гэсэн юм. Тэгвэл иргэн Б “Үл хөдлөх зуучлалын үйлчилгээ авах гэтэл иргэний үнэмлэхийнхээ хуулбарыг “И-Монголиа”-гаас аваад, нотариатаар баталгаажуулаад, цахим үнэмлэхтэйгээ ирээрэй гэсэн. Нотариатын хавтгайрсан эл үйлчилгээнээс болж бараг л бүх газар иймэрхүү шаардлага тавьдаг болчихож. Иргэний үнэмлэхээрээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас үйлчилгээ авах нь яагаад ийм хэцүү болчихсон юм бэ. Нотариатчууд нь “тэнгэрт тулсан” үнэ хэлдэг. Тэгсэн хэрнээ үр ашиггүй. Ямар ч үүрэг, хариуцлага хүлээдэггүй ийм завхарсан тогтолцоог халах хэрэгтэй. А4-ийн хэмжээтэй нэг нүүр хуудсыг 1000 төгрөгөөр хувилж ч байх шиг. Улсын үнэт цаасаар хэвлээд өгсөн тамга тэмдэг бүхий иргэний баримт бичгүүдийг хувийнхан нь хүлээн зөвшөөрдөггүй ийм төвөгтэй үйлчилгээг сайжруулж, хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэх хэрэгцээ үүссэн. Гэвч үүнийг хэн ч авч хэлэлцдэггүй нь хачирхалтай” гэв.
Иргэдийг нотариатаар явуулж, залхаадаг жишээ ингээд дуусахгүй. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд асаргаа, сувилгааны мөнгө авах, халамжийн үйлчилгээнд хамрагдахад нотариатчдын баталгаажилт нь маш их хүндрэл бэрхшээл, тушаа болсоор байгааг олон хүн хэлж буй. Иргэн Н “Асаргааны тэтгэмж авдаг банк солигдоход бүх бичиг баримтаа дахин нотариатаар баталгаажуулсан. Хэвтрийн хүнд энэ нь маш хэцүү. Цаашлаад уг үйлчилгээгээ сунгуулахад дахиад л нотариат орно. Хувийнхан нь байг гэхэд төрийн үйлчилгээнүүдийг ядаж албан ёсны баримт бичгүүд болох иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, даатгалын дэвтэр зэргээрээ шууд авчихдаг болгомоор байна. Бас өвлөх эрхийн гэрчилгээ авахын тулд нас барагсдын ар гэрийнхнийг нотариатаар явуулдгаа болих хэрэгтэй. Ар гэрийнхэн нь хөөрхий нус, нулимстайгаа “холилдчихсон” явж байх юм. Монголд нотариатгүй үйлчилгээ гэж алга. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь батлаад, тамгалаад өгчихсөн бичиг баримтыг ахин дахин нотариатаар “оруулдгийг” гайхах юм. Ипотекийн зээлийн гэрээг баталгаажуулах гэж инээдтэй юм бас бий. Банк тухайн харилцагчтай гэрээ байгуулан, тамгалангуутаа нотариатаар батлуулж ир гэдэг. Өөрсдийн гаргасан зээлийн гэрээ, тамганд итгэдэггүй гэлтэй. Зээлийн гэрээ өөрчилж, сунгуулах бүрт хамтран зээлдэгчтэйгээ нотариат орно, тийм байж болох уу. Хамгийн гол нь нотариатчид тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс хамааран тодорхой хувь тооцон баталгаажилт хийдэг. Тиймээс байнга ийм үйлчилгээ авах нь иргэдэд эдийн засгийн хувьд хүндрэлтэй” хэмээсэн.
Манайд нотариатын үйлчилгээг дээр дурдсанчлан иймэрхүү байдлаар нийтлэг явуулдаг. Тэгвэл олон улсад нотариат хэрхэн ажилладаг вэ. АНУ-ын Үндэсний нотариатын холбооны мэдээлж буйгаар Барууны орнуудад нотариатын үйлчилгээг өргөн хүрээнд ашигладаг. Гэхдээ манайх шиг биш. Цахим хөгжлийн зуунд нотариат яагаад хэрэгтэйг иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч “сануулдаг”. Эрсдэлээс сэргийлэх сургалтуудыг ч давхар зохион байгуулдаг юм байна. Бизнесийн томоохон зээл, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, гадаад мөнгөн гуйвуулга, цахим гүйлгээ, эд хөрөнгийн итгэмжлэл, олон улсын баримт бичгүүдэд ихэвчлэн нотариат шаардлагатай. Нотариатч нь иймэрхүү чухал баримт бичгийг үйлдэхэд хөндлөнгөөс гэрч болон оролцох бөгөөд төр, засгийн итгэмжит төлөөлөгч нь байх аж. АНУ нотариатын үйлчилгээгээрээ жишиг болдог бөгөөд энэ нь хууль, эрх зүйн орчноо сайжруулсантай нь холбоотой юм байна. 1973 онд баталсан Нотариатын нэгдсэн болон нотариатын мэргэжлийн хариуцлагын тухай хуулиа 1984, 2002, 2010 онд шинэчлэн сайжруулжээ. Ингэснээр тус улс Нотариатын жишиг хуультай болсон гэнэ. Тэгвэл манай улсын Нотариатын тухай хууль нь найман бүлэг, 54 зүйлээс бүрдэх бөгөөд гурван жилийн өмнө шинэчлэн найруулжээ. Гэсэн ч технологи, цахим үйлчилгээ “төрөл арилжчихсан” өнөө үед тус хуулийн шинэчлэл үр өгөөжөө төдийлөн өгөхгүй байгааг иргэд шүүмжилж буй. Төр, хувийн хэвшлийн шаардлагагүй олон ажил, үйлчилгээг нотариатаар хавтгайруулан баталгаажуулах гэж иргэдийг чирэгдүүлдэг нь үүнийг гэрчлэх аж. Уг нь Нотариатын тухай хуулийн 4.3-т “Нотариатч нь төрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн 7.3-т “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч нь гэрчилнэ” гэжээ. Эл хоёр заалт л гэхэд бодит байдалд хэрэгждэггүйг нийтээрээ мэднэ. Тиймээс тус хуулийг бүхэлд нь илүү сайжруулах, үүргээ ухамсарладаггүй нотариатчуудыг татан буулгах, хуулиас гадуурх сайн дурын нотариатын үйлчилгээнүүдийг журамлах хэрэгцээ, шаардлага нийгэмд дахин үүссэнийг эцэст нь тэмдэглэе