Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхлүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан чиглэлийг танилцуулах, хэлэлцүүлэх, мэргэжилтнүүд болон иргэдийн үгийг сонсох, санал солилцох зорилготой урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг “Эрчим хүчний сэргэлтийн бодлого” сэдвээр өрнүүлсэн юм. “2022-2023 оны өвлийн ачааллыг давахад хүнд байна. XXI зуунд цахилгаан, дулаан хязгаарлах талаар ярих нь бүдүүлэг боловч дурдахаас өөр арга алга. Өөрөөр хэлбэл, хэрэглээг хязгаарлаж байж бид ачааллаа зохицуулахад хүрсэн. Энэ нь эрчим хүчний салбарт урт хугацаанд дорвитой шинэчлэл хийгээгүй, одоо ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийн 40 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн, улмаар импортын цахилгаан түгээх зориулалттай шугам сүлжээ, дэд станцын хүчин чадал доройтсон зэрэг олон шалтгаантай. Эрчим хүчний салбар бүхэлдээ ослын горимд шилжсэн. Цаашид цахилгаан, дулаан үйлдвэрлэх шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахгүйгээр ажиллах боломжгүй болсон” хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дээрх хэлэлцүүлгийг нээж, хэлэхдээ тэмдэглэв. Тэгвэл эрчим хүчний салбарыг “өндийлгөх” зорилгоор хэрэгжүүлэх 22 төсөл, хөтөлбөрт 14 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм байна. Тэдгээрийг ач холбогдлоор нь эрэмбэлэн, эн тэргүүнд Тавантолгой болон Дорнодын цахилгаан станцыг барих, “ДЦС-3”-ыг өргөтгөх зэрэг ажлыг хийх хэрэгтэй гэнэ. Төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн санхүүжүүлэх, хөрөнгө татах нь хүндрэлтэй асуудлын нэг гэдэг нь ойлгомжтой. Юутай ч Хөгжлийн банкнаас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор хөрөнгө гаргах аж. Энэ талаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Манай банкнаас эрчим хүчний чиглэлийн цөөнгүй төсөл санхүүжүүлсэн бөгөөд одоогоор Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийг хийж буй. Ойрын хугацаанд Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн санхүүжилтийг олгоно. Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн, ялангуяа сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэх төсөлд санхүүжилт хүсэх нь олон. Ийм үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Засгийн газрын бодлоготой нийцэж буй ч төслийн үр ашиг, зээлээ төлөх боломжийг харгалзах шаардлагатай. Хэрэв шалгуур хангасан төсөл байвал санхүүжүүлэхэд бэлэн” гэв. Манай улсын эрчим хүчний салбарт ихээхэн өр үүссэн, алдагдлын хэмжээ нь нэмэгдэн, ослын горимд шилжээд буйн нэг шалтгаан нь үйлдвэрлэлийн зардал өндөр, бүтээгдэхүүний үнэ бага байгаа зэрэгтэй холбоотой гэдэг. Төрөөс цахилгаан, дулааны үнийг “барих”-ыг эрмэлзэн, зах зээлийн зарчмаас гажиж ирсэн нь салбарыг унагах нөхцөл болсонтой ч хэлэлцүүлэгт оролцогчид санал нэг байлаа. Тодруулбал, аж ахуйн нэгж, байгууллагуудын нэг кВт/цаг цахилгаан худалдан авах үнэ үйлдвэрлэсэн зардлаас нь 25, орон сууцын өрхүүдийнх 50, гэр хорооллынх 59 хувиар доогуур байгаа бол олон улсын дунджаас бараг дөрөв дахин бага үнэлгээтэй аж. Тиймээс эрчим хүчний салбарын үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг өсгөхөд дулаан, цахилгааны тарифыг шинэчлэх, үнийг нь индексжүүлэн нэмэх зайлшгүй шаардлагатай гэв. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд “ногоон” шинэчлэл хийх буюу сэргээгдэх эх үүсвэрээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал юм. Одоогоор манайд салхи, нар, уснаас цахилгаан үйлдвэрлэж байгаа ч суурилагдсан хүчин чадал нь бага. Мөн эдгээр байгууламжийг цаг уур болон улирлын хараат байдлаар ажиллуулдаг. Тиймээс 2030 он гэхэд сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэх эрчим хүчнээс нийт хэрэглээнийхээ 30 хувийг хангах төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарах юм байна. Мөн бүх малчин өрхийг нарны зайн хураагуур ашиглах боломж бүрдүүлэх гэнэ. Түүнчлэн өөрсдийн баялаг болох нүүрсний ашиглалтыг сайжруулж, байгальд ээлтэй байдлаар боловсруулан, цахилгаан, дулаан үйлдвэрлэхийг эрмэлзэх учиртайг ч зарим мэргэжилтэн дурдлаа. Хэрэв зөвхөн “ногоон” эрчим хүчний үйлдвэрлэлийг өсгөхөөр зүтгэвэл зардлыг нь дийлэхгүйд хүрэх аж. Үүнээс гадна устөрөгчөөс цахилгаан гаргах боломж бийг Монголын устөрөгчийн холбооны гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо онцолсон. Тэрбээр “Нэг кг устөрөгчөөс 27 800 ккал дулаан ялгардаг. Энэ нь байгалийн хийнийхээс 1.8 дахин их хэмжээ юм. Иймээс устөрөгчийг эрчим хүч, дулааны мөнхийн эх үүсвэр байх боломжтойг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Япон, БНСУ, Франц, АНУ зэрэг цөөнгүй орон устөрөгчийн энерги ашиглах стратегийн зорилтоо тодорхойлсон бол ОХУ ирэх 10-15 жилд энэ чиглэлийн цахилгааны нийлүүлэлтийн 25 хүртэлх хувийг хангахаа мэдэгдээд байна. Манайх нүүрсний арвин нөөцтэй учраас уг бүтээгдэхүүнээс устөрөгч гаргах бүрэн боломжтой. Энэ чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд одооноос анхаарах хэрэгтэй” гэв. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Эрчим хүчний үнэ тарифын тогтолцоо”, “Хөгжлийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэл” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүнд Эрчим хүчний сайд, дэд сайд болон холбогдох албаныхан, мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Гарсан санал зөвлөмжийг нэгтгэн, ирэх сарын 7-8-нд зохион байгуулах “Монголын эдийн засгийн чуулган-2022” нэгдсэн чуулганы үеэр хэлэлцүүлэх аж. Уг чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн, хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтөө хэрхэн хангах бодлогоо тодорхойлохыг зорих юм.