“Хөгжлийн банк”-ны гэх дуулиан олны анхаарал татсан дараа, дараачийн үйл явдлуудад дарагдаж, мартагдах шахаж байна. Гэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос энэ сарын 29-нд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, хариуцлага хаана алдагдсан, хэн нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг, аль компанийн эзэд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсныг ил тод ярилцахаар товлоод байгаа. Хууль сахиулах байгууллагынхан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон, нийтэд мэдээлж болох эрх хэмжээнийхээ хүрээнд танилцуулга хийх нь ойлгомжтой Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн ч үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийх нь гарцаагүй. Энэ урт нэртэй ажлын хэсгийнхний шалгалтын дүгнэлтийн зарим хэсгээс эш татан бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Өөрөөр хэлбэл, төр, засгийн ч, Төвбанкны ч алдаатай бодлогын үр нөлөө нь Хөгжлийн банкийг ийм эрсдэлтэй тулах шалтгаан болсон гэж дүгнэсэн байдаг. Тодруулбал, “Засгийн газар дээрх банканд хоёр жил тутамд шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд ээлжит бус шалгалт хийх журам батлах ёстой ч түүнийг батлаагүй. Ийм учраас тавигдах шаардлагыг баримтлахгүй байх, банкны дотоод нэгжүүд уялдаагүй ажиллах зэргээр төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаа алдаатай явжээ. Зарим тохиолдолд хөгжлийн томоохон төсөл бус, арилжааны банкнаас олгодог зээлийн түвшний арга хэмжээ авч хэрэгжүүлсээр иржээ” хэмээсэн байв.
Түүнчлэн Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийн санхүүжилт банкуудад олгосон нь гадаадын валютын эсрэг төгрөгийн худалдан авах чадварыг хурдацтайгаар сулруулсан. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зээлийн хүү нь бодлогын хүүнээс хэт бага байсан нь Төвбанкийг хуримтлагдсан их хэмжээний алдагдалд оруулсан гэсэн дүгнэлт ч холбогдох шалгалтын нэгжүүдээс гаргаад буй. Ийм учир шалтгаантай, уялдаа холбоотойгоор төр, засаг, Монголбанкнаас хэрэгжүүлсэн алдаатай бодлогоос үүдэн “Хөгжлийн банкны” гэх дуулиан өнөөдөр иргэдийн анхаарлын төвд орсон билээ. Улстөрчид л “попорч” ниргэсэн хойно нь хашхираад байгаа болохоос биш, аль эртнээс л Хөгжлийн банкны зээл олголт, чанаргүй барьцаа хөрөнгийн асуудлыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байсан юм.
Энэ удаа дээрх урт нэртэй ажлын хэсгийнхний зарим дүгнэлтийг уншигчдадаа хүргэе.
ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЭХЛЭЭГҮЙ
КОМПАНИУД ХЭВИЙН АНГИЛАЛД БАГТСАН НЬ ХАЧИРХАЛТАЙ
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий хэмээх энэ урт нэртэй ажлын хэсэг нь тус банкнаас санхүүжилт олгосон 61 зээлдэгчид хамаарах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгбүрчлэн шалгаж, зориулалтын дагуу, эсэхийг дүгнэх, зээлийн барьцаа хөрөнгүүдийг газар дээр нь очиж шалган, үнэлгээг тогтоох, зээлдэгч, түүний холбогдох этгээдүүдийн данс болон санхүүгийн бусад баримтыг гаргуулан авч, мөрдөн шалгаж дүгнэлт хийх зэрэг үүрэгтэй. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь багагүй бэрхшээл, саад учирч буй талаар өмнөх цувралаараа уншигчдад хүргэсэн. Тухайлбал, зарим зээлдэгчийн эцсийн өмчлөгч нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа нь хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийг тодорхойлоход хугацаа алдаж байгаа, банкны дансны мэдээллийг авах боломжгүйд хүрсэн, үнэлгээ хийх мэргэжилтэн байхгүй нь урт нэртэй ажлын хэсгийнхний ажилд саад учруулах болсон. Түүнчлэн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр болон барьцаа хөрөнгийнх нь байршил алслагдмал нутагт буй нь ч ажил саатахад хүргэж байгаа гэсэн. Хийх хүнд арга мундахгүй, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэгчээр Ховд, Дорнод руу яваад ирэх нь ажлын хэсгийнхний хувьд агаар салхинд гараад ирэхтэй л адил баймаар. Магадгүй улстөрчид шалгах, шалгуулах сонирхолтойгоо олонд зарлаад, зээлээ төлөөгүй, хагас дутуу төлснийг нь хэвийн ангилалд оруулчихсан байгаа зэргээс дүгнэхэд зарим аж ахуйн нэгжийг хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол төрөх болсон. Яагаад ийнхүү дүгнэх болов гэхээр Хөгжлийн банкнаас зарласан зээлдэгч нарын жагсаалтад төрийн болон хувийн хэвшлийн цөөнгүй аж ахуйн нэгжийг хэвийн ангилалд оруулсан байгаа. Тус банкнаас зээл авсан зээлдэгчдийн 10 нь төрийн өмчит компани. Тэд нэг их наяд 65 тэрбум төгрөгийн зээл авсан. Тэдгээрээс төрийн өмчит цөөнгүй аж ахуйн нэгж зээл авснаасаа хойш нэг ч удаа төлбөрөө төлөөгүй атлаа хэвийн гэх ангилалд багтчихаад буй. Хувийн аж ахуйн нэгжүүд ч зээлийнхээ багахан хувийг төлсөн атлаа мөн л ийм ангилалд орчихсон нь хачирхалтай. Тухайлбал, “Цэцэнс майнинг” компани долоон жилийн хугацаатай зээл 2018 оны зургадугаар сард еврогоор тооцон аваад дөрвөн жил нь өнгөрч байхад түүнийхээ 5.8 хувийг л төлсөн атал хэвийн ангилалд орчихсон жишээтэй. “Говь” ХК жилийн гурван хувийн хүүтэй, дөрвөн жилийн хугацаатай 82.9 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд ирэх онд хугацаа нь дуусах атал зээлийнхээ ердөө долоон хувийг төлсөн байгаа юм. Гэтэл мөн л хэвийн зээлдэгчийн ангилалд оруулсан. Зарим компани зээлээ зориулалт бусаар зарцуулж, гадаад орон руу мөнгөө шилжүүлж, өр төлбөртөө өгсөн байхад нэрсийг нь зарлаагүй. Үүнээс үзэхэд Хөгжлийн банкныхан ч, улстөрчид ч үнэн, мөнийг нь дэнслэлгүй “попорсон” гэлтэй.
БАРЬЦАА ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРАМ, ЗААВАР ХЯНАЛТГҮЙ БАЙВ
2012-2016 онд Төвбанк болон Засгийн газрын явуулсан алдаатай бодлого, үйл ажиллагааны улмаас Хөгжлийн банк өнөөгийн ийм эрсдэлтэй нүүр тулсан гэхэд хилсдэхгүй талаар өмнөх нийтлэлдээ бид онцолсон. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны шалгалтын дүгнэлтэд “Төвбанкны тухай хуулийн тавдугаар зүйлийг Монголбанк, түүний удирдлага зөрчиж, хуульд заагаагүй үйл ажиллагаа явуулж, уламжлалт бус бодлогын арга хэрэгсэл ашиглан зах зээлд их хэмжээний буюу 4.8 их наяд төгрөг нийлүүлсний улмаас үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг огцом сулруулсан. Их хэмжээний ам.долларын интервенц хийснээр гадаад валютын улсын нөөцийг барагдуулсан. Зах зээл дэх илүүдэл мөнгийг татах зорилгоор Төвбанкны үнэт цаас гаргаснаар Монголбанканд их хэмжээний хүүгийн алдагдал учруулсан” хэмээсэн. Тодруулбал, 2012-2016 онд ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1104.5 төгрөг буюу 80.8 хувиар суларсан байдаг. Мөн 7007.2 сая ам.долларын интервенц хийснээр валютын нөөц багассан гэж дээрх байнгын хорооныхон дүгнэсэн билээ. Энэ мэтээр Монголбанкийг 3019.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалд оруулсан. Дээрх сөрөг нөлөөллүүдийн үр дагавраар ам.долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд хохирол хүлээн, тэдгээрийн зээлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд орсон хэмээсэн нь ч бий. Үүнээс үзэхэд, Засгийн газар, Монголбанкны алдаатай бодлого, хууль зөрчсөн, хэрэгжүүлээгүйн улмаас Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал бий болсон гэхэд хилсдэхгүй нь. Мөн Засгийн газар Хөгжлийн банканд хоёр жил тутамд шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд ээлжит бус шалгалт хийх журам батлах ёстой ч түүнийгээ биелүүлээгүй нь өнөөгийн нөхцөл байдалд хүрснийг холбогдох ажлын хэсгийнхэн шалгалтын дүгнэлтдээ тодотгосон. Ер нь Хөгжлийн банкаар тогтохгүй Засгийн газар, Төвбанк хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нь олон баримт, шалгалтын дүгнэлтээр тодорхой болоод байна. Тухайлбал, 2017 оноос өмнө мөрдөж байсан Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.3 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам Хөгжлийн банканд мөрдөгдөх санхүүгийн шалгуур үзүүлэлтийг тогтоохоор хуульчилсан байж. Мөн хуулийн 19 дүгээр зүйлд Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь зохист харьцааны шалгуурыг хангаж ажиллах ёстой гэж заасан байв. Харамсалтай нь, Сангийн яам ч, Хөгжлийн банкны удирдлага ч хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй бололтой. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтэд “Монголбанкны зөвлөмжийн дагуу 2017 оноос л санхүүгийн зохист харьцааны шалгуурыг тогтоож, 2020 оноос холбогдох журмыг баталсан ч хэрэгжилт нь хангалтгүй, уг шалгуур алдагдсан хэвээр байна” хэмээсэн нь үүнийг илтгэнэ. Мөн “Хөгжлийн банканд мөрдөх голлох журмуудыг 2017 оноос эхлэн Засгийн газар болон тус банкны ТУЗ-өөс баталж мөрдүүлжээ. Тус банкны ТУЗ-өөс барьцаа хөрөнгөтэй холбоотой журам, заавар 2019 оноос өмнөх хугацаанд нарийвчилсан зохицуулалтгүй, шаардлага сул байсан нь банкны үйл ажиллагаа доголдоход голлон нөлөөлсөн. Барьцаа хөрөнгөтэй холбоотой журам, зааврыг 2019 оноос баталж, мөрдөж эхэлжээ” гэсэн байна. Үүнээс үзэхэд, Хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч Засгийн газар, ЗГХЭГ, Сангийн яам нь ч тэр, тэндээс томилогдсон ТУЗ, гишүүд, гүйцэтгэх удирдлага нь ч, Төвбанкныхан ч Хөгжлийн банкны тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хойрго хандсан гэсэн үг. Үүнээс улбаалаад тус банкны төлбөр тооцооны систем, хүчин чадал муу байгааг өмнө нь хийсэн шалгалтуудаар илрүүлж байсан ч тодорхой арга хэмжээ авалгүй явсаар Хөгжлийн банкны актив муудаж, эрсдэлтэй болоход хүрсэн бололтой. Уг нь Хөгжлийн банкны тухай хуулийн 25.1-д “Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Монголбанк батална” гэж заасан байгаа. 2017 оноос хойш 2019 он хүртэл Сангийн сайд, Монголбанкныхан хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллагаагүй гэж үү. Мөн уг хуулийн 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан журам, 28.1-д заасан хязгаарлалтыг Хөгжлийн банк хэрхэн мөрдөж байгаад Монголбанк хяналт тавьж, шалгалт хийнэ” гэсэн байгаа. Зээл, түүнтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн, баталгааг Төвбанк тогтоож, том зээлдэгчийг тодорхойлох, түүнд олгох зээлийн дээд хэмжээ болон нийт хэмжээг тогтоох, тайлагнах журмыг ч Монголбанк батлах хуулийн зохицуулалттай атал хяналтаа сул тавьснаас Хөгжлийн банк өнөөдрийн байдалтай нүүр тулчихаад буй. Энэ бүх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Хөгжлийн банкнаас зээл авч, үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжийнхэн төр, засгийн алдаатай бодлого, үйл ажиллагаанаас болж муу зээлдэгчийн жагсаалтад орчихсон гэж болохоор. Цаашилбал Төвбанк, Засгийн газрын алдаатай бодлогын улмаас ам.долларын ханшийн алдагдал хүлээж байгаа зарим аж ахуйн нэгжийн хохирлыг Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу төр хариуцах эрх зүйн орчин нээлттэй байх юм. Юутай ч эхний ээлжид үндэсний үйлдвэрлэгчдээ хэлмэгдүүлэлгүй, төр, татвар төлөгчдийг ч хохироолгүйгээр “Хөгжлийн банкны” гэх дуулиант хэргийн үнэн, мөнийг хууль хяналтын байгууллага шударгаар тогтоож, зээлээ зориулалт бусаар зарцуулсан компанийнхнаас зээл, хүү, алданги, торгуулийг нь гаргуулан тус банканд олгуулах нь шударга ёсонд нийцэх биз ээ
Бэлтгэсэн Г.Равжаа