Олон улсад нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүл “Frontiers in еarth science”-д нийтэлсэн нэгэн шинэ судалгаанд дурдсанаар 2021 онд Монголын нутгаас илрүүлсэн эртний тэмээний олдворыг судалж дууссан бөгөөд энэ нь шинэ нээлт болжээ. Тодруулбал, тэмээний бүлийн, аварга биет кноблоч (сamelus knoblochi) зүйлийн хувьслын түүхийн цоорхойг нөхсөнөөрөө уг судалгаа онцгой ач холбогдолтой аж. Энэ талаар манай улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээлснээр бол монгол, орос, америк эрдэмтдийн хамтарсан багийнхан 1995 онд эхэлсэн “Монголын чулуун зэвсгийн үе” эрдэм шинжилгээний төслийн хүрээнд уг судалгааг хийжээ. Хамтарсан төслийн багийнхан өнгөрсөн жил Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйд хийсэн малтлагаар тэмээний дунд чөмөгний олдвор илрүүлэн судалж, 60-27 мянган жилийн тэртээх болохыг тогтоосон аж. Байгаль, цаг уурын огцом өөрчлөлтийн явцад мөхсөн гэх кноблоч тэмээ өнөөгийн Монгол, Хятадын хойд хэсэг (Манжуур), ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, Алтайн бүс нутагт амьдарч байсан бөгөөд орчин үеийн хоёр бөхт бактриан тэмээ (сamelus bactrianus)-нээс барагцаагаар 1.5 дахин том биетэй байжээ. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээлснээр Монголын нутгаас анх удаа илрүүлсэн кноблоч тэмээний судалгаа нь уг амьтныг устахын өмнөхөн буюу сүүлчийн үе шатыг тогтоосноороо өндөр ач холбогдолтой аж. Судалгааны багийн тэргүүн Алексей Клементьев “Кайнозой эриний Неоген галавын Плейстоцен үеийн тэрхүү амьтан гиена (сэг зэмээр хооллодог, мууртай төст амьтны дэд бүлгийн, махчин хөхтөн амьтны бүл)-д хазуулсан байсныг тогтоосон. Монгол орны нутаг дэвсгэрээс илрүүлсэн эл олдворыг судалснаар хөхтөн амьтдын хувьслын түүхэнд шинэ хуудас нээлээ” гэж тэмдэглэжээ. Оросын эрдэмтэн Иван Поляков 1880 онд кноблоч тэмээний олдворыг анх илрүүлсэн аж. Өнөөг хүртэл эл амьтны бүрэн бүтэн араг яс хараахан олдоогүй бөгөөд эрдэмтдийн тодорхойлсноор өндөр нь дунджаар 2.5, урт нь 3.5 метр, жин нь 700-1200 кг байжээ. Устаж мөхөх шалтгаан нь Хожуу Плейстоцений үеийн хэт хуурайшилтаас үүдэлтэй идэш тэжээлийн хомсдол аж. Ташрамд дурдахад, гурван улсын эрдэмтдийн хамтарсан “Монголын чулуун зэвсгийн үе” төслийн хүрээнд Монгол нутагт хүн анх суурьшин амьдарсан хугацааг 250 000 жилээр урагшлуулсан зэрэг хэдэн арван нээлт хийсэн байдаг. Мөн “Frontiers in еarth science” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд 1985 онд Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөг ширээгээс илрүүлсэн хавтгайн ясыг судалсан талаар дэлгэрэнгүй дурджээ.
Бэлтгэсэн Э.Хана