“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларын зарах ханшаа электрон самбараасаа арилгажээ. Тэд зарах “ногоон” байхгүй болсон учраас ингэсэн гэж тайлбарлав. Харин ам.долларыг 2900 төгрөгөөр худалдан авч байлаа. Зарим ченж бага хэмжээний ам.долларыг 2950 төгрөгөөр борлуулж болно гэж байсан юм. Энэ бол дотоодын зах зээлд ам.долларын хомсдол үүссэнийг харуулсан үзүүлэлт. Гэвч хомсдол юунаас үүдсэнийг тодорхой хэлэх эх сурвалж одоохондоо алга. Зохиомол уу, бодит хомсдол уу гэдэг нь ч тодорхойгүй байна. Ямартай ч “ногоон”-ы хомсдол үүсэж, ханш нь төгрөгийн эсрэг чангарах нь тодорхой болов. Валютын хар зах гэгддэг “Найман шарга”-д ам.долларын хомсдол ийн үүссэн бол банкууд ч нөөцгүй болсон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Банкууд өнгөрсөн долоо хоногоос валютын арилжаандаа хязгаарлалт тогтоолоо. Тэд таван саяас доош төгрөгт л ам.доллар худалдах хязгаар тавьжээ. Үүнээс гадна ам.долларын хадгаламжтай иргэн, аж ахуйн нэгжүүд түүнийгээ авах хүсэлт гаргахад банкууд биелүүлж чадахгүй байна гэсэн мэдээлэл тарав. Их хэмжээний хадгаламжтай этгээдэд ам.долларыг нь олон удаа бага багаар цувуулж өгөх боломжтой гэж хэлсэн аж. Арилжааны банкууд валютын гүйлгээндээ хязгаарлалт тавьсан учраас ам.долларын бодит хомсдол үүслээ гэж үзэх үндэстэй. “Найман шарга” захад валютын зах зээлийн багахан хувь нь эргэлддэг гэдэг. Хар захад хомсдол үүсэхэд банкууд хязгаар тавих шаардлагагүй юм. Цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ам.долларын ханш тогтвортой байсан. Статистикаас харвал 2021 онд ам.долларын ханш 2845-2855 төгрөгт хэлбэлзжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 14-нд өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж, хилээ нээснээ мэдэгдсэн. Үүнээс хойш “ногоон”-ы ханш огцом өслөө. Хөл хориог цуцалсан нь иргэдийн идэвхийг нэмэгдүүлсэн нь тодорхой. Гэхдээ нэг сарын хугацаанд ам.долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдэх хэмжээнд нөлөөлсөн гэж үү. Иргэдийн идэвх багахан сэргэж, гадаадад зорчин, бизнесээ өргөжүүлэхэд л ханш дээшилж байна. Нэг талаар энэ нь угаас зах зээлд ам.доллар хомс байсантай холбоотой биз.
Статистик үзүүлэлтээс Монголбанк зах зээлд их хэмжээний ам.доллар нийлүүлсэн нь харагдаж байна. Манай улсын валютын нөөц 2021 оны нэгдүгээр сард 4.36 тэрбум ам.доллар байв. Валютын нөөц өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард 4.89 тэрбум “ногоон” болж өссөн. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын эцэст Монгол Улсын валютын нөөц 3.94 тэрбум ам.долларт хүрээд байв. Сүүлийн найман сарын хугацаанд валютын нөөц бараг нэг тэрбум орчим “ногоон”-оор багасжээ. Валютын нөөц хоёр шалтгаанаар багасдаг. Улс валютын нөөцөөр гадаад өр төлбөрөө барагдуулдаг. Мөн дотоодын зах зээл дэх валютын ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийдэг юм. Энгийнээр хэлбэл, ханшийг тогтвортой байлгахын тулд валют арилждаг гэсэн үг. Монгол Улсын валютын нөөц өнгөрсөн оны эцэст 4.36 тэрбум “ногоон” байжээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард 3.94 тэрбумд хүрснийг дээр дурдсан. Нэг сарын хугацаанд валютын нөөц ийнхүү 300 сая ам.доллароор буурчээ. Төвбанк энэ оны эхний сард 565.9 сая ам.долларын интервенц хийсэн. Их хэмжээний интервенц хийсэн ч худалдаж авсан алтаараа валютын нөөцөө сэлбэсэн бололтой. Харин хоёрдугаар сараас хойш 912 сая “ногоон”-ы интервенц хийжээ. 2022 он гарснаас хойш 1.47 тэрбум ам.долларын интервенц хийгээд буй нь энэ.
Олон нийтийн сүлжээнд оросууд Монголын зах зээлээс валют цуглуулж байна. Монголбанк валютын нөөцөө гаргаж оросуудад өгч байна гэсэн шүүмжлэл өрнөсөн. Оросууд Монголын зах зээлээс валют татаж буй нь баталгаагүй мэдээлэл. Том эдийн засагтай тэднийд Монголын жижиг зах зээлээс нэг тэрбум ам.доллар зохион байгуулалттайгаар татах шаардлага бий юү. 2022 он гарснаас хойш Монголын эдийн засаг идэвхжиж, импорт нэмэгдсэн байх магадлал өндөр. Энэ нь валютын ханшийг өсгөсөн болов уу. Нэгэнт “өндөрт гарсан” ханшийг Төвбанк тогтоон барихаар их хэмжээний интервенц хийжээ гэж таамаглаж байна. Ам.долларын ханш цаашид чангарах хандлагатай байхад Монгол Улсын гадаадын валютын нөөц буурсан нь муу үзүүлэлт юм. Валютын нөөц ихээхэн багасвал интервенц хийх боломжгүй болно. Интервенц хийхгүй бол ам.долларын ханш улам чангарна.
Ам.долларын ханшийг 3000 төгрөгөөс давуулах сонирхол төвбанканд байхгүй. Тиймээс ханшийг тогтворжуулах л хэрэгтэй. Одоогоор ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийх шаардлагатай. Ингэхийн тулд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх учиртай. Зэсийн баяжмал, коксжих нүүрс, төмрийн хүдэр, алт гэх мэт манай улсын экспортын гол бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа ч үүнээс олсон орлогоороо валютын нөөцөө нэмэгдүүлж чадахгүй, улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсаар байна. Тиймээс экспортоо нэмэгдүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлагатай юм. Эдгээр нь урт хугацаанд хийх ажил. Харин богино хугацаанд валютын нөөцөө нэмэх арга нь Засгийн газар, эсвэл хувийн хэвшил бонд гаргахыг дэмжих байдаг. Долларын хомсдол нүүрлэсэн нэгэн хавар Монголд иржээ. Хомсдож буй ам.долларыг олох л хэрэгтэй.
Бэлтгэсэн Т.Энхбат