-Иргэд, аж ахуйн нэгжийн мэдэлд буй газрын ердөө зургаан хувийг нь чөлөөлжээ-
2022.02.21 Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд томоохон зах, бөөний худалдааны төвүүдийг Налайх дүүрэг болон Хөшигийн хөндий, Эмээлт рүү үе шаттайгаар нүүлгэн суурьшуулахаар төлөвлөсөн. (Зах, бөөний төвүүдийн үйл ажиллагаатай холбоотой хийсэн судалгааны үр дүнг цахим хуудсаараа дамжуулан танилцуулав) 2022.03.09 Б.Мөнхбаатар (Барилга, хот байгуулалтын сайд): Засгийн газар төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттай хийнэ. Ингэснээр Улаанбаатараас гадагш чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэх боломжтой. Хөшигийн хөндийд эдийн засгийн болон төрийн захиргааны таталцлыг бий болгосноор хүн амын төвлөрөл нэмэгдэнэ. (Засгийн газрыг шийдвэрийг танилцуулахдаа ингэж хэлэв)
2022.03.16. Д.Оюунхорол (Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч): Хөшигийн хөндийг нисэх онгоцны буудал дагасан худалдаа, үйлчилгээ, шинжлэх ухаан, технологи, санхүүгийн төв болгохоор төлөвлөсөн. Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн, төлбөрт таавар, бооцоот тоглоомын дагалдах үйлчилгээг бий болгож, казино байгуулна. (УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ийнхүү танилцууллаа) Засгийн газар болон холбогдох байгууллагынхан Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотой чухал шийдвэрүүдийг ийнхүү хэлэлцсээр, танилцуулсаар, гаргасаар байна. Үндсэндээ тийшээ нүүлгэдгийг нь нүүлгээд, хуваарилалт хийгээд, жишиг хот “байгуулчихлаа”, тэд. Амаараа, төсөөллөөрөө, ямар ч төлөвлөлт, зураг төсөлгүйгээр ийм ажил хийчихлээ. Гэтэл мөрөөдлийн гэмээр энэ хотынхоо төлөвлөлт, дэд бүтцийн үндэс болсон газрыг одоо хэр нь бусдын мэдлээс бүрэн чөлөөлж, шийдээгүй байгаа нь хачирхалтай. Албаны хүмүүс өнөөдрийг хүртэл аль сайхныг ярьж, ажил саадгүй урагшилж, болж бүтэж байгаа мэт дүр эсгэсээр ирсэн учир олон нийт энэ талаар төдийлөн сайн мэдээлэлгүй буй. Улстөрчид нь хүртэл Майдар, Шинэ Зуунмод хот, чөлөөт бүсийнхээ ялгаа, хилийн заагийг сайн ойлгоогүй, хаана нь газар олголтын давхцал үүссэн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас илт харагдсан. “Чингис хаан” нисэх буудлын ажилтнууд, тухайн хэсгийг хариуцсан цагдаагийн алба хаагчдын ч толгой нь эргэж гүйцсэн байна билээ. Тэд “Чухам аль хэсэгт шинэ хот, чөлөөт бүс байгуулахаар болсныг мэдэхгүй. Ерөнхий сайд энд ирэхэд олон “Жийп” урагшаа давхилдсан, тэр зүг рүү байж магадгүй. Саяхан бас хэсэг хүн баруун талд бөөгнөрөөд байсан” хэмээн ярьцгааж байв. Харин Сэргэлэн сумын удирдлага “Хөшигийн хөндийг тойрсон 31 мянган га газарт Шинэ Зуунмод хотыг байгуулна. Үүний 27 мянга гаруй га нь Сэргэлэнд харьяалагдах, 4000 га нь Алтанбулаг сумын газар нутаг. Тусгай хэрэгцээнд авсан газрын дийлэнх хэсэг нь нисэх буудлаас зүүн урд зүгт байгаа” хэмээн тайлбарласан юм. Манай Засгийн газар хоёр сумын нутаг дамнасан ийм хэмжээний газарт дагуул хот, чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн ч яг хаана нь, ямар бүтээн байгуулалт хийх эцсийн тов, төлөвлөгөө одоогоор тодорхойгүй байна. Үүнд мэдээж газар чөлөөлөх ажил тушаа, дөнгө болж буй.
ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧДЫГ ХОЁР ДАХИА “ЗӨӨХ НЬ”
Юуны түрүүнд шинэ дагуул хот байгуулахаар тусгай хэрэгцээнд авсан газар болон түүнтэй давхцалтай хэсгийн бодитой мэдээлэл хүргэе. Засгийн газар орон нутгийн зэрэглэлтэй Майдар, Аэросити хот байгуулах шийдвэрийн хүрээнд 2018 онд 24 мянган га талбайг анх тусгай хэрэгцээнд авчээ. Тодруулбал, аялал жуулчлалын бүс болгох зорилготой Майдар, шинэ нисэх буудалд түшиглэн байгуулахаар төлөвлөсөн Аэросити хотод тус бүр 12 мянган га талбай хуваарилсан гэсэн үг. Хот төлөвлөлттэй холбоотойгоор эдгээр бүсэд газар чөлөөлөн, ямар ч давхцалгүй болгон “цэвэрлэжээ”. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан хэсгийг тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн гадна гаргаж, шилжүүлсэн байна. Хуучин газраас нь холдуулалгүй, тэрүүхэн тэнд нь газар нөхөж олгосон аж. Тэгвэл өдгөө тэдгээр иргэн, аж ахуйн нэгжийг дахин “зөөж”, заримынх нь эрхийг түдгэлзүүлэхээр болжээ. Засгийн газар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал орчмын 19 390 га газрыг улсын тусгай хэрэгцээнд нэмж авах шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан. Хуучин Аэросити хотод төлөвлөсөн 12 мянган га талбайг 31 мянга болгож, Шинэ Зуунмод хот болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар тогтсон юм. Ийнхүү сунгасан, тусгай хэрэгцээнд авсан бүсэд өмнөх газар чөлөөлөлтийн хүрээнд шилжүүлсэн 3200 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн мөн тооны хэсэг бүхий газар багтаад байна. Үүний 1277 нь Сэргэлэнгийн харьяат иргэдийнх бол үлдсэн нь нийслэл төдийгүй өөр аймаг, сумынхных. Тэдгээр иргэн, аж ахуйн нэгж нийт эзэмшлийнхээ 90 орчим хувьд өдий хүртэл ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэнэ. Газар хууль бусаар авсан, зориулалтын дагуу ашиглаагүй хүмүүсийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бол үйл ажиллагаа явуулсанд нь хуулийн дагуу нөхөн төлбөр олгох, эрхийг нь өөр газарт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Засгийн газар тухайн бүсэд мэргэжлийн байгууллагынхнаар үнэлгээ хийлгээд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 50 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоо гаргасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Гэхдээ нөхөн төлбөр олгох журмыг УИХ батлаагүй учраас энэ нь одоохондоо хийсвэр тоо төдий аж. 19 390 га талбайг тусгай хэрэгцээнд авснаас хойш 200 гаруй нэгж талбарыг чөлөөлжээ. Иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа, давхцалтай газрын дөнгөж зургаан хувийг нь сулласан гэсэн үг. Эндээс манай Засгийн газар, холбогдох ажлын хэсгийнхэн хэр хурдтай, “урагштай” ажиллаж байгааг харж болно.
ЭЗЭНТЭЙ ЧӨЛӨӨТ БҮС
Хөшигийн хөндийн нөхцөл байдалтай танилцахаар хэд хоногийн өмнө Сэргэлэн сумын нутгийг зорьсон юм. Шинэ нисэх буудлын ойр хавьд нүдэнд торох томоохон байгууламж, хашаа хороо бараг харагдахгүй байгаагаас үзвэл тухайн газар эзэнгүй тал гэж ойлгогдохоор. Гэвч энэ хөндийд ил, далд байдлаар “эзэн” суусан хүн цөөнгүй гэдгийг газар эзэмшигч, ашиглагчийн тоо илтгэж байна. Чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн 1000 га газрын тэн хагас нь гэхэд ганц хүний эзэмшилд “оччихсон” байх жишээтэй. Тодруулбал, Дамбын Хишгээ хэмээх нэрээрээ олонд танигдсан, уяач Д.Хишигжаргал Хөшигийн хөндийд 500 га талбай эзэмшиж байна. Өнгөрсөн мягмар гарагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол “Энэ бүсэд хамаарах газарт Дамбын Хишгээгийн гэсэн хаягтай газар байгаа. Засгийн газрын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж үйл ажиллагаа явуулна гэсэн. Шаардлагатай тохиолдолд газрыг нь бүхэлд нь авч болно гэх саналыг түүний зүгээс тавьдаг юм билээ. Гэхдээ надад үнийн санал тавиагүй” гэж тайлбарласан. Харин Сэргэлэн сумын Засаг дарга Т.Төмөрчөдөрөөс энэ талаар тодруулахад “Моодун хаан” группэд 2014 онд газар олгосон байдаг. Тэр үед Хөшигийн хөндийд хот байгуулах тухай сураг ч байгаагүй (Нисэх онгоцны буудал, түүнд түшиглэсэн Аэросити хот байгуулах талаарх яриа тухайн үед Засгийн газрын түвшинд яригдаж байсан). Энд газар олгосноос үүдэлтэй маргаан үүссэн ч гурван шатны шүүхийн шийдвэр эл группийн талд гарсан юм билээ. Тэд эзэмшил газартаа морин тойруулга, аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай бүтээн байгуулалт хийнэ гэж төлөвлөсөн. Би 2021 оны нэгдүгээр сард одоогийн албан тушаалаа хүлээж авсан, үүнээс сарын дараа шинэ хот байгуулахтай холбоотой зарим шийдвэрийг Засгийн газар гаргасан учраас нэг ч иргэн, аж ахуйн нэгжид газар нэмж олгоогүй. Эдгээр хэрэг явдал надаас өмнөх Засаг дарга нарт хамаатай” гэлээ. Д.Оюунхоролын ярианаас Д.Хишигжаргал тухайн газрыг төрд, улсын мэдэлд шилжүүлэхэд, чөлөөлөхөд бэлэн гэсэн утга агуулга уншигдаж буй бол орон нутгийн удирдлага тус группийнхнийг өөр төлөвлөгөөтэйг хэллээ. Энэ талаар лавшруулан судлахад, “Моодун хаан” групп Хөшигийн хөндийд 3600 айлын орон сууц барихаар төлөвлөж, хамтран ажиллах компанитайгаа санамж бичиг байгуулан, эхний оршин суугч болох олны танил эрхмүүдэд байрных нь батламжийг хэдийн гардуулсан байх юм. Үндсэндээ ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болоогүй, газрын асуудал нь бүрэн шийдэгдээгүй шинэ дагуул хот, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажилд “Моодун хаан” групп ямар нэг байдлаар оролцох нь тодорхой аж. Зарим улстөрч түүнийг эзэмшлийн газраа төрд өндөр үнээр шахах нь гэж хардаж байгаагаа илэрхийлсэн. Энэ таамаглал үнэний ортой бололтой. 31 мянган га талбай бүхий газраас яагаад заавал дээрх эрхмийн эзэмшлийн 1000 га-д чөлөөт бүс байгуулахаар сонгов гэдэг асуулт эндээс эрхгүй төрж байна.
ДАЛД ЭРХ АШИГ
Шинэ нисэх буудалд түшиглэсэн Аэросити хот (одоогийн Шинэ Зуунмод)-оос 20 орчим км-ийн зайд, тусдаа газарт төлөвлөсөн Майдар хотын бараа сураг тасарлаа. Ажил нь урагшгүй, бараг зогсчээ. Уг нь одоогийн Засгийн газар Шинэ Зуунмод, Майдар хотыг тусад нь бус, нэгдсэн байдлаар төлөвлөх шийдвэр гаргаснаа саяхан танилцуулж байв. Гэтэл өдгөө бурхны нэрээр нэрлэсэн эл хотын бүтээн байгуулалтын ажил таг чиг. Үүний учир шалтгааныг Сэргэлэн сумын иргэн Эрхэмбаяр (нэрийг нь өөрчлөв) хэн нэгний далд эрх ашигтай холбоотой байж болзошгүй гэж ярьсан. Тухайлбал, тус хотыг байгуулах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 12 мянган га газрын зонхилох хувийг өмнө нь улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн эзэмшдэг гэж нутгийнхан нь ярьдаг гэнэ. Энэ нь мөн тухайн бүсийг өөр зориулалтаар ашиглах, гарцаагүй байдал үүссэн үед үнэд хүргэж худалдах зорилготой байж болзошгүйг хэлсэн юм. Тэрчлэн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесмен Хөшигийн хөндийд их хэмжээний талбай эзэмшдэг, тэр нь улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилээр зааглагдаж буйг ч иргэд мэдээлэв. Тухайн хүний эзэмшдэг газрыг улсын тусгай хэрэгцээнд авалгүй үлдээсэн байж болзошгүй гэх. Ингэж хардах үндэслэл хангалттай бий аж. Тодруулбал, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар өнгөрсөн жил Хөшигийн хөндийд 25.1 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг Төв аймгийн Засаг даргад илгээсэн нь эцсийн байдлаар батлагдахдаа 19.3 мянган га болж багассан юм байна. Энэ албан бичгийн эх хувийг шүүж үзэхэд дээрх иргэний өгсөн мэдээлэл батлагдав. Уг албан бичигт “Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үндэсний хэмжээний хот байгуулалт, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай 25 197 га газрыг Газрын тухай хуулийн 16.1.13-т заасныг үндэслэн улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байна” хэмээн цагаан дээр хараар бичсэн нь баримт болон үлджээ. 6000 гаруй га талбайг ямар учраас үлдээв. Газрын давхцалын асуудлаас болоогүй нь тодорхой. Тэгвэл юу нөлөөлсөн бэ. Энэ талаар Төв аймгийн Засаг даргаас тайлбар, мэдээлэл авахаар удаа дараа хандсан ч хариулт авч чадсангүй. Газар олголттой холбоотой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдал, танил тал, эрх мэдлээ ашиглан, Хөшигийн хөндийд өөрсдийн эзэмшил газрыг дархалсан байж болзошгүй нь.
ИРГЭД БУХИМДАЖ БАЙНА
Газар чөлөөлөх ажил урагштай байгаа, иргэдтэй бүх шатанд ойлголцсон гэдэг мэдээллийг албаны хүмүүс, орон нутгийн удирдлагууд өгсөөр ирсэн. Засаг дарга Т.Төмөрчөдөр гэхэд “19 390 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргахад эхэндээ иргэд нэлээд эсэргүүцсэн. Майдар хот байгуулна гээд цөөнгүй иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, бөөн ажил удсан ч тэр нь олигтой “явж өгөөгүй” учраас аргагүй байх. Улмаар БХБЯ-наас томилсон ажлын хэсэг, аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хэд хэдэн удаа уулзалт хийсний дараа ойлголцсон. Улсын хэмжээний ажлыг дэмжих ёстой юм байна гэдэг шийдвэрт хүрээд, одоо ажил урагшилж байна” хэмээн ярьсан. Гэвч тухайн хэсэгт газар эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй иргэд үүний эсрэг зүйл ярилаа. Тэдний зарим нь хамтраад “Сэргэлэн сумын газар өмчлөгчид, эзэмшигчид” гэсэн фэйсбүүкийн бүлгэм байгуулжээ. Эдгээр иргэний төлөөлөл нэгэн залуу “Засгийн газар бидний саналыг сонсох биш, тулган хүлээлгэх байдлаар баримт бүрдүүлэн, шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Тэнд газартай манай сумын иргэдийн олонх нь 0.7 га талбай эзэмшдэг. Хууль зөрчиж газар авсан тохиолдол байхгүй. Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан газарт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ёстой, үгүй бол төр мэдэлдээ авна гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэтэл үйл ажиллагаа явуулаагүй, газраа ашиглаагүй бол зөвшөөрлийг нь хүчингүй болгоно гэж байгаа нь хууль бус үйлдэл. Тиймээс бид энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Газраа булаалгахдаа хүрвэл шүүхэд хандана гэсэн бодолтой, хүлээзнэсэн байдалтай сууна” гэсэн бол өөр нэг нь “Хөшигийн хөндийд олон жил нутагласан, өвөлжөө, хаваржааны газартай 50 орчим малчин бий. Хэдэн зуун га талбай эзэмшдэг, харьяаллын бус хүмүүсийн газрын эрхийг түдгэлзүүлэхгүй байж хэдэн малчны алга дарам нутгийг булаацалдаж буйд бухимдалтай, гомдолтой байна. Өвөөгийн минь хаваржаа тэнд багтсан. Цуцалбал бүгдийг нь цуцал гэсэн ижил тэгш шаардлага тавьж байгаа. Цаашид ч ийм байр суурь баримтална. Тэгээд ч малчдын нутагладаг хэсэг нь нисэх онгоцны буудлаас алслагдмал, зах хавиар, хүний нүдэнд өртөхөөргүй шүү дээ” хэмээлээ. Ийм байр суурь, үзэл бодолтой хүн цөөнгүй бий учраас Хөшигийн хөндийн газар чөлөөлөх ажил удаашралтай, саадтай байгаа гэж тэд онцлов. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нь ойрын хугацаанд батлуулахаар зорьж буй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын төв, агаарын боомтод түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөж байгаа “Майдар”, “Шинэ Зуунмод” төслийн өнөөгийн бодит нөхцөл ийм л байна. Төлөвлөлт, зураг төсөл нь цаасан дээр хэрхэн буух, үүнээс үүдэлтэйгээр дахин ямар асуудал, бэрхшээл үүсэхийг төсөөлөхөд бэрх. Газрыг нь хэзээ чөлөөлж дуусах, бүтээн байгуулалтын ажлыг чухам хэдийд эхлүүлэх нь, ер нь тухайн бүсэд дагуул хот, чөлөөт бүс байгуулах санаачилга биеллээ олох, эсэх нь ч эргэлзээ дагуулсаар. Холбогдох албаныхныг ийнхүү газар шорооны ажлаа цэгцлэх учраа олохгүй мунгинаж суух зуур судлаач, мэргэжилтнүүд Хөшигийн хөндийд шинэ суурьшлын бүс байгуулахад тохиромжгүй, усны нөөцийн хомсдолтой гэсэн өөр нэг бэрхшээлийг “илрүүлчихлээ”. Манай Засгийн газар, холбогдох ажлын хэсгийнхэн энэ чухал асуудлыг тооцоолж, авч хэлэлцсэн болов уу.