Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны дэргэдэх түр хорооноос эсэргүүцлийн цуглааныг төв талбайд өчигдөр зохион байгууллаа. Үүнд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилтан, ажилчдын төлөөлөл оролцсон юм. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.8 дахь заалтаас улбаалан ТҮ-1-3 зэрэглэлээр цалинждаг буюу төрийн үйлчилгээний ажилчдын ажлын байрны баталгаа алдагдаж, нийгмийн хамгаалал гэх зүйл үгүй болсныг тэд эсэргүүцсэн юм. Тиймээс уг хуулиа эргэн харахыг шаардаж буй юм байна.
Бодит байдал ямар байгаа талаар нийслэлийн 74 дүгээр цэцэрлэгийн манаачаас тодруулахад “Бидний ажлыг хувийн хэвшлийнхэн зохицуулах юм байх. Ингэснээр бид наад зах нь олон жил төрийн байгууллагад ажилласан хүн тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмж авч чадахгүй болох янзтай. Зарим байгууллагынхан 1-3 дугаар сарын цалингаа аваагүй гэж байна. Учир нь хуульд өөрчлөлт оруулсных юм гэнэ” хэмээлээ. Дээр дурдсан хуулийн заалтаар бол боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга, байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээг орон нутгийн чиг үүрэгт хамааруулж, тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр тусгажээ. Ингэснээр ТҮ-1-3 зэрэглэлээр цалинждаг үйлчлэгч, манаач зэрэг ажил эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийг хөндөж байна гэж үзсэнээр ийнхүү жагсаал зохион байгуулав. Дээр дурдсан холбоодоос уг асуудлаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл тодорхой хариу аваагүй тул ийнхүү нэгджээ.