Украинд болж буй үйл явдлууд дэлхийн эдийн засаг хямарч, хүнс болон шатахууны үнэ өсөхөд хүргэнэ. Энэ нь хөгжиж буй орнуудад хүчтэй нөлөөлнө гэсэн дүгнэлтийг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хуралд оролцогчид хийжээ. Орос, Украин нь дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний зах зээлд тоглогчид бөгөөд тус хоёр улс дэлхийн наранцэцгийн тос, үрийн худалдааны 53, улаан буудайн 27 хувийг бүрдүүлдэг. Африкийн 26 улс, тэр дундаа буурай хөгжилтэй орнууд улаан буудайн хэрэгцээнийхээ гуравны нэгээс илүүг Орос, Украинаас импортолдог тул өнөөгийн нөхцөл байдал хөгжиж буй орнуудын хувьд онцгой түгшүүр төрүүлж буй аж. Түүнчлэн дэлхийн 17 орны улаан буудайн экспортын талаас илүү хувийг тус хоёр улс эзэлж байна. Үнийн өсөлт нь хамгийн ядуу орнуудын импортын сагсны таваас илүү хувийг эзэлж байгаа. Тэгвэл хамгийн баян орнуудад энэ үзүүлэлт нэг хувиас бага байх гэнэ.
Мэргэжилтнүүд мөн нийгмийн эмх замбараагүй байдал, хүнсний хомсдол, инфляцаас үүдэлтэй уналт үүсэх эрсдэлтэйг анхааруулж байна. Үүний сацуу хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн урт хугацааны үр дагаврыг урьдчилан таамаглахад хэцүү байгаа аж. Мөн агаарын орон зайг ашиглахыг хязгаарлаж, аюулгүй байдал тодорхойгүй байгаа нь Орос, Украины нутгаар дамжин өнгөрөх худалдааны замыг ашиглахад хүндрэл учруулж буй гэнэ. 2021 онд Хятадаас 1.5 сая чингэлэг барааг Европ руу төмөр замаар тээвэрлэжээ. Хэрэв энэ хэмжээний ачааг далайн хөлөг онгоцонд шилжүүлбэл чингэлэг тээврийн эрэлт хэрэгцээ нь тарифыг 5-8 хувь хүртэл нэмэгдүүлэхэд хүргэнэ. Тэрчлэн шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж далайн чингэлэг тээврийн хөлс үүнээс ч өндөр болж магадгүй гэж НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас мэдээллээ.