Хятад улс одоо дэлхийн шинэ дэг журмыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан хэлснийг “Straits times” сонин эш татжээ. “Бээжин Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хадгалахын чухлыг тэмдэглэж байна. Хятад улс цаашид ямар арга хэмжээ авахыг харах хэрэгтэй. Хэрэв дэлхийн эдийн засаг, уялдаа холбоо, технологи хуваагдал нь тэс өөр ертөнц бий болгоно” гэж тэрбээр онцлов. “Хятад улс Орост асар их нөлөө үзүүлж байгаа бөгөөд Украины эргэн тойрны нөхцөл байдалд Бээжин нөлөөллөө ашиглаж чадна. Энэ нь бодит байдал, эсвэл хүсэл эрмэлзэл үү гэдгийг бид ойрын өдрүүдэд харна” хэмээн найдаж байгаагаа мөн илэрхийлэв. Хятадаас АНУ-д суугаа Элчин сайд Цинь Ган “Washington post” сонинд гаргасан нийтлэлдээ “Хэрвээ Хятадын эрх баригчид урьдчилж мэдсэн бол Украинд мөргөлдөөн гарахаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх байсан” гэжээ. Мөн тэрбээр “Хятад улс Оросын цэргийн ажиллагааны талаар урьдчилан мэдэж байсан бөгөөд өвлийн олимп дуустал хойшлуулахыг ОХУ-аас шаардсан”, Москва Бээжингээс цэргийн тусламж хүссэн гэх мэдээллийг няцаасан байна.
Ташрамд дурдахад, доод түвшинд байгуулсан тохиролцоог батлахын тулд л Орос, Украины удирдагчид уулзаж болох юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Үүнийг мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нотлов. Тус хоёр улсын Төрийн тэргүүн нар ойрын өдрүүдэд хэлэлцээ хийж магадгүй гэж Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подолякий “Ukrinform” агентлагт мэдээлжээ. “Энэ дайныг дуусгах цорын ганц арга зам нь хоёр Ерөнхийлөгчийн шууд хэлэлцээ гэдэг нь тодорхой. Бид энэ асуудлыг одоо хийж буй уулзалтаараа хэлэлцэж байна” гэж ОХУ-тай хийж буй энхийн хэлэлцээний Украины талын төлөөлөгч М.Подоляк мэдээлсэн байна. Украин, Оросын төлөөлөгчдийн хэлэлцээний дөрөв дэх шат даваа гаргаас цахим хэлбэрээ эхэлсэн юм.