Японы хойд нутгийн Фүкүшима мужийн эрэг орчимд газар 7.3 баллын хүчтэй хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, 126 иргэн гэмтсэн тухай NHK телевиз мэдээллээ. Байгалийн гамшгийн голомт нь газрын 60 км гүнд бүртгэгдэв. Энэ үеэр олон өрхийн цахилгаан тасарч, төмөр замын тээвэр тасалдсан байна. Одоогийн байдлаар зүүн хойд нутгийн Фүкүшима болон Мияги мужид гамшгийн улмаас Японы зүүн хойд болон зүүн нутагт 2.2 сая гаруй өрх, тэдгээрийн дотор Токиогийн 700 мянга орчим айлын цахилгаан тасарсныг сэргээсэн тухай “TEPCO power grid”, “Tohoku electric power network” компани мэдээлжээ. Төмөр замын “JR higashi nihon” компани Фүкүшима болон Широишизао өртөө хоорондын өндөр хурдны галт тэрэг замаасаа гарсныг уламжлав. Фүкүшима, Мияги мужийн эрэгт 30 орчим см өндөр давлагаа үүсэхэд зарласан цунамигийн аюулын бүх сэрэмжлүүлгийг цуцалсан байна. Гэхдээ ойрын хэдэн долоо хоногт газар дахин хүчтэй хөдөлж болзошгүйг цаг уурын мэргэжилтнүүд анхаарууллаа. Одоогоор гамшгийн хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна.
Японы Засгийн газар Ерөнхий сайдын ажлын албанд хямралыг зохицуулах төв байгуулсан бөгөөд гамшгийн талаар мэдээллийг цуглуулж, гэмтсэн хүмүүст туслахад бүх хүчээ дайчлахыг Ф.Кишида албаныхандаа үүрэг болгосон байна.
Дэлхийн чипний зах зээлийн 17 хувийг бүрдүүлдэг Японы “Renesas electronics” компани газар хөдлөлтийн улмаас үйлдвэрээ түр зогсоожээ. Тодруулбал, Ямагата, Гүнма, Ибараки муж дахь үйлдвэрүүдээ зогсоож, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг шалгаж байгаа гэнэ. Мөн тус улсын автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Toyota motor” Иватэ, Мияги муж дахь үйлдвэрээ түр зогсоосон гэнэ. Японы эрх баригчид “Фүкүшима-1”, “Фүкүшима-2”, “Онагава” атомын цахилгаан станцаас ямар нэг доголдол илрүүлээгүй байна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр “Фүкүшима-1” станцын хаягдал усыг цэвэршүүлсний дараа хадгалдаг дөрвөн сав хөдөлсөн байжээ. Гэхдээ тэдгээрээс ус алдсан, эсэх тухай мэдээгүй аж. Өмнө нь байгалийн гамшгийн улмаас “Фүкүшима-1”, “Фүкүшима-2” станцын цөмийн ашигласан түлшний сангуудын хөргөлтийн системийг түр хугацаанд зогсоосон. Гэхдээ газар хөдөлснөөс хойш хэдхэн цагийн дотор Японы мэргэжилтнүүд ажиллагааг нь бүрэн сэргээж чаджээ. Тус улсын Өөрийгөө хамгаалах хүчнийхэн газар хөдлөлтийн уршгийг арилгахад тусалж байна. Тодруулбал, Фүкүшима хотын зарим дүүрэгт усан хангамж тасарсантай холбогдуулан цэргийнхэн нутгийн иргэдэд ус түгээж буй гэнэ. Түүнчлэн тус мужид 3.8 мянга орчим байшин цахилгаангүй хэвээр аж.