Дэлхийн банк “Ковид-19” цар тахлын дараах тэгш хүртээмжтэй аялал жуулчлалын хөгжлийг дэмжих нь” сэдэвт судалгаа хийсний үр дүнд манай улсын аялал жуулчлалын гол асуудал, бэрхшээл агаарын тээвэр болон салбарын уялдаа холбоо, зохицуулалтад байна гэж үзжээ. Тус банкны Монгол Улс хариуцсан суурин төлөөлөгч бөгөөд менежер Андрей Михнев “Цар тахал Монгол Улсын аялал жуулчлалд ихээхэн сөргөөр нөлөөлсөн. Байгалийн өвөрмөц, олон хэв шинж бүхий тогтоц, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, соёл, түүхийн үнэт өвтэй холбоотой амралт зугаалгын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, жуулчдыг татах онцлог бүтээгдэхүүн Монголд хангалттай боловч дээрх бэрхшээлүүд тулгамдаж байна. Хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэл тодорхойлоход Засгийн газарт туслах зорилгоор энэхүү судалгааг хийсэн” гэж онцолжээ.
Манай улс 2019 онд түүхэндээ хамгийн олон буюу хагас сая жуулчин хүлээж авсан бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн, экспортод эзлэх тус салбарын орлого сүүлийн жилүүдийн дээд үзүүлэлтэд тооцогдож байв. Гэвч Евразийн бүс нутгийн болон газар зүйн онцлог, санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ төстэй орнуудтай харьцуулахад Монгол Улс сүүлийн 10 жилд аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна гэж судлаачид дүгнэжээ. Амралт зугаалгын зорилгоор манай орныг зорих жуулчдын тоо олширсон нь (бусад зорилгоор ирэх хүмүүстэй харьцуулахад) сайшаалтай ч эдгээр нь ижил төстэй аялал жуулчлалын зах зээлд зарцуулдгаас бага цаг хугацаа, орлого төвлөрүүлдэг гэнэ. Иймд Засгийн газар тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарахаас илүү өндөр үнэ цэнтэй зах зээл, хэрэглэгчдийг эрэмбэлэх шаардлагатай гэж тус тайланд дурджээ. Эл судалгаанд оролцсон манай улсын аялал жуулчлалынхан маркетингийн нэгдсэн дэмжлэг, үндэсний аялал жуулчлалын бодлогын хэрэгжилт, уялдаа холбоо сул, дэд бүтцэд зарцуулах хөрөнгө санхүү дутагдалтай, агаарын тээврийн салбарт протекционист бодлого баримталдаг гэсэн нийтлэг, тулгамдсан асуудлуудыг дэвшүүлсэн байна.