Хөгжлийн банк, ЖДҮХС-гаас зээл авч зориулалт бусаар зарцуулсан дуулианы араас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа, хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу өнөөгийн Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Дээрх сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүй аж. Үүний улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болжээ. Гэхдээ ХААДС-гаас олгосон, эргэн төлөөгүй зээлийн дийлэнх хувийг улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа гэх мэдээлэл бидэнд ирэв.
Хэрэв хууль сахиулах байгууллагынхны мөрдөн шалгалтаар улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд зээлээ төлөөгүй нь батлагдвал татвар төлөгчдийн мөнгийг мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд л хумсалж буй баримтыг тодотгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрөөс олгодог хөнгөлөлттэй зээл, тусламж, сангийн хөрөнгийг танил тал, эрх мэдлээрээ талцаж цөлмөдөг жишиг тогтсоныг бататгана гэсэн үг. Урьд нь ЖДҮХС, одоо Хөгжлийн банкны хэдэн тэрбумын чанаргүй зээлийн асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байхад Тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу ХААДС-гийн хэдэн зуун тэрбумаар тоологдох хохирол учруулсан асуудлыг хууль сахиулагчид удахгүй ил болгох нь. Тус сангийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр 50 саяас дээш төгрөгийн өр төлбөртэй 600 гаруй аж ахуйн нэгж, иргэн байгаа гэнэ. Тэдний 550 нь компани бөгөөд улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай нь нэлээд олон бий аж. Улс төр, бизнест нөлөө бүхий, мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд дараа нь ямар санг тонон дээрэмдэж, бидний болон үр хүүхдийн минь ирээдүйг хохироосон гэх мэдээлэл цацагдахыг таашгүй.