Нийслэлчүүд 2010-2019 онд 11.8, 2020 онд 2.7, 2021 онд 3.2 их наяд төгрөгийг хотын замд “урсгажээ”. Ийм хэмжээний мөнгөөр үнэлэгдэхүйц баялаг бүтээх цаг хугацааг түгжрэлд өнгөрөөсөн гэсэн үг. 2010-аад оны үед түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртөг жилд 600-800 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өдгөө энэ үзүүлэлт 3-4 дахин ихэсжээ. 2020 онд 2.7, 2021 онд 3.2 тэрбум төгрөгийг түгжрэлд алджээ, бид. Авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах чиглэлээр цаашид дорвитой арга хэмжээ авч, оновтой бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэхгүй бол нийслэлийн зам, талбай бүхэлдээ “зогсоол” болж, улаанбаатарчуудын ажил, амьдрал зогсох нь. Үүнээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртөг тав, зургаан тэрбум давж, талийх нь. Ийм нэгэн таагүй тооцооллыг нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өчигдөр болсон “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа Өдөр тутмын сонинуудын холбооны санаачилгаар Монголын сайтын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Монголын телевизүүдийн холбоо, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Өглөөний сонин”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Монголын үнэн”, “Монголын мэдээ” өдөр тутмын сонины редакц хамтран зохион байгуулсан эл хэлэлцүүлэгт нийслэлийн холбогдох газар, агентлагийн удирдлагуудаас гадна сэтгүүлчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Б.Одсүрэн “Нийслэлд жилдээ 30-40 мянган иргэн орон нутгаас шилжин ирж байна. Мөн жилд дунджаар 40 мянга орчим хүүхэд шинээр мэндэлдэг. Үндсэндээ Улаанбаатар хот жил тутам багадаа 80 гаруй мянган хүнээр бүл нэмдэг гэсэн үг. 2030 он гэхэд хотын хүн амын тоо хоёр, 2050 онд гурван сая давах төлөвтэй. Шилжин ирэгсдийг бүс нутгаар нь авч үзвэл Сэлэнгэ, Төв, Архангай, Увс аймгаас хамгийн олон хүн нийслэлд ирж, суурьшжээ. Иргэдийн хот руу шилжсэн үндсэн зорилго нь ажлын байрны хүртээмж, хот, хөдөөгийн тэнцвэр алдагдсан явдал. Орон нутагт ажилгүйдлийн түвшин их байгаа нь хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгалд нөлөөлсөөр буй. Хотын барилга, байгууламж, худалдаа, үйлчилгээний газруудын дийлэнх нь Их тойруу болон Энх тайваны өргөн чөлөөнд бий. Их, дээд сургуулиудын 96, худалдаа, үйлчилгээний газруудын 88 хувь нь хотын төвд төвлөрдөг. Ийм зохион байгуулалттай хотыг нэг төвт гэж нэрлэдэг. Түгжрэлийг бууруулахын тулд энэ нэгдсэн төвлөрлийг задлах, Улаанбаатарыг олон төвт болгох, хаяа дагуул хотуудыг хөгжүүлэх, дэд төвүүдийг байгуулах шаардлагатай. Энэ чиглэлээр томоохон ажлуудыг хийж байгаа. Үүний жишээ нь, Хөшигийн хөндийд шинэ суурьшлын бүс бий болгож, нийслэлийн төвлөрлийг сааруулах төсөл. 2040 он хүртэл дагуул хот, тосгодуудад 301, Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт зэрэг зургаан дэд төвийн бүсэд 146 мянган хүн суурьшуулах төлөвлөгөөтэй. Түгжрэл үүсэхэд нөлөөлдөг хамгийн том шалтгаан бол сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Цэцэрлэг, сургууль хүртээмжгүйгээс, боловсролын тэгш бус байдал газар авснаас, хамран сургах тойргийн дагуу сурагчдыг элсүүлдэггүйгээс эцэг, эхчүүд хүүхдээ харьяаллын бус, хол газар луу “зөөж”, замын хөдөлгөөний ачаалалд хувь нэмэр оруулдаг. Улаанбаатарын хэмжээнд 100-гаад мянган хүүхдийг эцэг, эх нь сургууль, цэцэрлэгт нь тээврийн хэрэгслээр өдөр тутам хүргэдэг гэсэн статистик байна. Үүний 70 орчим мянга нь сурагч, үлдсэн нь цэцэрлэгийн насныхан. Одоогоор нийслэлд 279 сургууль, цэцэрлэг бий. Нэмээд 150-ийг барьж байгаа. Дахиад 97 сургууль, цэцэрлэг байгуулах асуудал яригдаж буй. Хамран сургах тойргийн дагуу суралцагчдыг элсүүлэх чиглэлд анхаарахгүй бол хэчнээн сургууль, цэцэрлэг нэмж бариад ч асуудал шийдэгдэхгүй. БШУЯ болон нийслэлийн Боловсролын газрынхан энэ чиглэлийн ажлуудыг хийхээр бодлого, төлөвлөгөө боловсруулж байгаа” гэсэн юм.
Харин нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хотын түгжрэлийг шийдэхийн тулд зөвхөн гол замыг өргөтгөөд, гүүрэн гарц байгуулаад, автомашинуудыг буруу, зөв хүрдтэйгээр нь ялгаад нэмэргүй, цогц арга хэмжээ авах шаардлагатай. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хамран сургах тойргийн хэрэгжилт, хот төлөвлөлт, зам, гүүрэн байгууламжийн ачааллын тэнцвэр, нийтийн тээврийн салбарын шинэчлэл, явган хүний болон дугуйн замын тохижилт зэрэг олон асуудлыг шийдэж, зөв голдиролд нь оруулж байж үр дүнд хүрнэ. Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл (хөнгөн галт тэрэг) нэвтрүүлэх LRT төслийн ажил урагштай байна. Үүнийг БНХАУ-ын “Төмөр замын VI товчоо” буюу CREC, Монголын UDC компани, нийслэлийн ЗДТГ гурвалсан гэрээгээр хэрэгжүүлж байгаа. Энэ сарын 31 гэхэд төслийн ажлын зураг, эдийн засгийн тооцоолол бэлэн болно. Ирэх тавдугаар сарын 15-наас гүйцэтгэлийн ажлыг эхлүүлнэ. 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2 км замыг туршилтын байдлаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тус төлөвлөгөөг энэ сарын 24-нд Ерөнхий сайдад танилцуулахаар бэлдэж буй. 2023 оны есдүгээр сарын 30-нд суурь төмөр зам, бусад тулгуур байгууламжуудыг, арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд тавцан буюу зорчих хэсгийн ажлыг бүрэн дуусгана. 2024 оны хавар дохиолол холбоо, цахилгааны холболтуудыг хийж, эхний галт тэргийг зорчуулах шахуу төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. 2022-2024 онд авто замын сүлжээний орц, гарцыг сайжруулах, зорчих хөдөлгөөний нягтшил бүхий бүсүүдэд явган хүний болон дугуйн замын сүлжээг өргөтгөх чиглэлийн олон ажил төлөвлөсөн. 30 байршил дахь уулзварт инженерчлэлийн ажил хийнэ. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох, камержуулалтыг сайжруулах, түгжрэлийн индексийг бодитоор тооцох, уулзвар дээрх хөдөлгөөний эрчмийн ачааллыг тодорхойлох боломж бүрдүүлэх зорилгоор RFID мэдрэгчийг 161 байршилд суурилуулахаар болсон. Үүнийг олон улсын технологийн болон үндэсний томоохон компани (АПУ)-тай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулж, гэрээ, хэлцэл хийсэн. Энэ төсөлд хамтрах гадаадын компанийн хувьд 60 улсын 150 хотод технологийн шинэчлэл, дижитал шилжилтийг хийсэн туршлагатай. Улаанбаатар хотыг ухаалаг удирдлагын нэгдсэн системд шилжүүлэх төслийг нийт 100 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. RFID бол үүний зөвхөн нэг хэсэг нь” хэмээн ярилаа.
Хэлэлцүүлгийн эхний үед Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдал, нөхцөл шалтгаан, нийслэлээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийхээр төлөвлөсөн ажлуудын талаарх танилцуулга, мэдээллийг олон нийтэд өгсөн бол хоёрдугаар үед хэлэлцүүлэг өрнүүлэх байв. Гэвч оролцогчдын зүгээс хот төлөвлөлтийн алдаатай бодлогыг шүүмжилсэн, авто замын зохион байгуулалтыг өөрчлөх, нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллах чиглэлийн санал, хүсэлтүүдийг түлхүү хэлсэн юм.
Эл хэлэлцүүлгийг зорьж ирсэн хоёр иргэний байр суурийг танилцуулъя. Сүхбаатар дүүргийн VIII хорооны оршин суугч Б.Галмандах “Би авто замын салбарт 20 гаруй жил ажилласан, инженер хүн. Тиймээс санал бодлоо илэрхийлэхээр ирсэн. Нийслэлийн одоогийн нөхцөл байдал ингэтлээ доройтсон нь хот төлөвлөлтийн алдаа, хариуцлагагүй албан тушаалтнуудтай холбоотой гэж хотын даргын хэлсэнтэй 100 хувь санал нэгдэж байна. Хүмүүс авто замын уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлээр нэлээд санал хэллээ. Миний харж байгаагаар нэгэнт хот төлөвлөлтийн суурь нь буруу тавигдсан, тэр дагуу төвлөрөл бий болсон учраас үүнийг зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлээр шийдэж чадахгүй. Харин нийтийн тээврийн салбарт олон сонголт бий болгох хэрэгтэй. Метро нэвтрүүлэх тухай ярихаар хүмүүс бүтэхгүй гээд хүлээж авдаггүй. Уг нь манай хотод хамгийн боломжтой, тохиромжтой шийдэл нь энэ санагддаг юм. Хотын удирдлага үүнийг анхааралдаа авч, ул суурьтай судлаасай гэж хүсэж байна. Хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх ажил зүйтэй санагдлаа. Тууштай хэрэгжүүлэх нь чухал” гэсэн бол “Bls Mongo¬lia” компанийн захирал Г.Ганмягмар “Би хот төлөвлөлтийн чиглэлээр Германд сургууль төгссөн. Гурван жилийн өмнө эх орондоо ирж, компаниа байгуулсан. Авто зам бол хот төлөвлөлтийн салшгүй хэсэг учраас мэдээлэл авах, хүмүүсийн саналыг сонсох зорилгоор энд ирсэн. Түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь дагуул хотуудыг хөгжүүлэх гэж бодож байна. Хүмүүс хотын төв рүү хошуураад байгаа шалтгаан нь тодорхой учраас түүний эсрэг арга хэмжээ авах нь зөв. Худалдаа, үйлчилгээний төв, их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах, дагуул хот гэлтгүй аймаг, сумуудыг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд анхаарах хэрэгтэй болов уу. Шинээр байгуулахаар төлөвлөж буй дагуул хотуудын төлөвлөлтийг хийхдээ Улаанбаатарын алдааг давтахгүй байх нь чухал. Манайх энэ ажилд тусалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн” хэмээн ярьсан юм.
Ташрамд дурдахад, энэ жил нийслэлд 18 уулзварын нэвтрэх чадварыг сайжруулж, зургаан байршилд нүхэн гарц байгуулахаар төлөвлөжээ. Мөн 15.48 км гол болон туслах замыг өргөтгөн шинэчлэх нь. 80.8 мянган ам метр бүхий талбайг явган хүнд зориулан засаж, тохижуулан, 14.35 км дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн байна. Тэрчлэн орц, гарц чөлөөлөх ажлын хүрээнд 88 байршилд 4800 гарааш буулгахаар ажиллаж байгааг мэдээллээ.