…Сүүлийн жилүүдэд төмөр замын орлогын 25-30 хувийг транзит тээвэр бүрдүүлдэг болжээ. Төмөр замын тээврээс манай улс 2019 онд 708, 2020 онд 770 тэрбум төгрөгийн орлого олсон. Ийнхүү орлогын хэмжээ өссөн нь транзит тээвэр нэмэгдсэнтэй холбоотой гэнэ…
Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх шинэ шалтгаан үүслээ. Энэ бол ОХУ, Украины дайн юм. Дайн өдүүлсэн ОХУ-ын эсрэг НАТО-гийн гишүүн болон бусад орон эдийн засгийн хориг арга хэмжээ авсаар байна. Хойд хөрш үндсэндээ барууны улс орнуудтай худалдаа наймаа хийх боломжгүй болов. Тэднийх учир тойм нь үл олдох олон төрлийн хоригт орлоо. ОХУ-ын Украинд өдүүлсэн халуун дайныг эсэргүүцсэн улс орнууд хойд хөрштэй эдийн засгийн хүйтэн дайн хийж байна. Британийн Сангийн сайд “Оросын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх болно” гэсэн хатуу мэдэгдэл хийсэн. Тиймдээ ч барууны ертөнц Оросын эсрэг хатуу арга хэмжээ авч эхлэв. Олон улсын шинжээчид “ОХУ дэлхийн эдийн засгийн харилцааны ангал руу унасан” гэж дүгнэж байна.
“Ангалд унасан” Оростой өргөн хүрээнд худалдаа наймаа хийж, хүссэн бараа, бүтээгдэхүүнийг нь нийлүүлж чадах ганц “найз” үлдсэн нь БНХАУ. Барууны ертөнцийнхөн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл Хятадын удирдагчдад ОХУ-д бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, бусад хэлбэрээр тусламж үзүүлбэл бид таагүй хандаад зогсохгүй танайд ч хориг тавих болно гэж ятгаж буй. Харин Хятадын удирдагчид ОХУ-тай худалдаа, наймаа хийх нь бидний өөрсдийн дур мэдэн шийдэх хэрэг гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр ОХУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт нэмэгдэнэ гэж шинжээчид төсөөлж байна. Өнгөрсөн оны эцэст дээрх хоёр улсын худалдааны эргэлт 130 тэрбум ам.долларт хүрсэн. Хоёр хөрш худалдааны эргэлтээ 2024 он гэхэд 200 тэрбум “ногоон”-д хүргэх зорилт тавьсан билээ. Зарим шинжээч хоёр улс зорилтдоо хугацаанаасаа өмнө хүрнэ гэж тодотгож байна. Эл хоёр улсыг холбосон хамгийн дөт төмөр зам манай нутгаар дайрдаг юм. Хөршүүдийн худалдааны эргэлт нэмэгдэх тусам манай улсаар дамжин өнгөрөх буюу транзит тээврийн хэмжээ өсөх нь дамжиггүй.
Үүнийг хоёрхон тооны харьцуулалтаар батлан харуулах боломжтой юм. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр 2016 онд манай улсын нутаг дэвсгэрээр чингэлгийн 167 галт тэрэг дамжин өнгөрч байжээ. Тэгвэл өнгөрсөн онд чингэлгийн 2513 галт тэрэг дамжин өнгөрсөн байна. Өнгөрсөн таван жилд Монгол Улсын транзит тээврийн хэмжээ 15 дахин өссөн нь энэ. ОХУ болон БНХАУ-ын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэний үр дүнд манай транзит тээвэр ийн нэмэгдсэн хэрэг. “Улаанбаатар төмөр зам” ч жилд 31 сая тонн ачаа тээвэрлэж, ашиг орлогоо нэмэгдүүлжээ.
Статистик мэдээллээс харвал, өнгөрсөн онд манай улсын төмөр замаар 4.23 сая тонн ачаа дамжин өнгөрчээ. Үүнээс ОХУ-аас БНХАУ руу 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Харин Хятадаас хойд хөрш рүү нэг сая тонн ачаа тээвэрлэсэн байв. Тэгвэл 2020 онд манай улсын төмөр замаар 4.27 сая тонн ачаа дамжин өнгөрсөн дүн бий. Үүнээс Оросоос Хятад руу 3.48 сая тонн ачаа тээвэрлэжээ. Харин өмнөд хөршөөс ОХУ руу 803 мянган тонн ачаа тээвэрлэсэн байв. Хоёр улсын худалдааны эргэлтэд ОХУ жин дардаг аж. Харин өнгөрсөн жил БНХАУ-аас ОХУ-д нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэнийг анзаарав уу. Олон улсын харилцаанд шинэ нөхцөл үүссэн учраас ОХУ-ын өмнөд хөршөөс худалдаж авах бараа, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Оросууд, хятадууд нэг биш, нэлээд хэдэн сая тонн ачаа барааг манай нутгаар дамжуулан авах биз.“Улаанбаатар төмөр зам” нийт тээврийн 40 орчим хувьд төрөөс хямд тариф тогтоосон байдаг. Тиймээс тус байгууллага хямд тарифтай тээврээс алдагдал хүлээдэг аж. Харин транзит тээврийн орлогоороо алдагдлаа нөхөж, ашигтай ажиллах нөхцөлөө бүрдүүлдэг гэж тус байгууллагынхан ярьж байна. Сүүлийн жилүүдэд төмөр замын орлогын 25-30 хувийг транзит тээвэр бүрдүүлдэг болжээ. Төмөр замын тээврээс манай улс 2019 онд 708, 2020 онд 770 тэрбум төгрөгийн орлого олсон. Ийнхүү орлогын хэмжээ өссөн нь транзит тээвэр нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Тэгвэл өнгөрсөн онд төмөр замын тээврээс 771 тэрбум төгрөгийн орлого олов. Үүний 227 тэрбум төгрөг нь транзит тээврийн орлого аж. Манай улс төмөр замын сүлжээгээ өргөжүүлж, транзит тээврийг нэмэгдүүлж, ашиг орлого олох боломж өргөн бий.
Азийн хөгжлийн банкнаас 2014 онд хийсэн судалгаагаар ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэсэн ачааны 89 хувийг Транс Сибирийн төмөр замаар дамжуулан Манжуураар тээвэрлэжээ Харин долоон хувийг нь Транс Монголын төмөр зам буюу манай нутгаар дамжуулан тээвэрлэсэн байна. Харин дөрвөн хувийг нь Казахстаны нутгаар тээвэрлэсэн аж. Манжуурын төмөр замаас манай Транс Монголын төмөр зам дөт. Тиймээс давуу талтай юм. Харин манай төмөр замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал муу нь сул тал болдог. Замын-Үүд-Эрээний боомт өдөрт 12 хос галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай. Хүчин чадал нь ийн дулимаг учир Монголоор ачаа бараа тээвэрлэхдээ хоёр хөрш хойрго ханддаг. Учир нь транзит тээврийн галт тэрэг боомтоор нэвтрэхээ олон хоног хүлээн хугацаа алддаг юм. Тиймээс туулах зам нь хол, гарах зардал нь өндөр ч хугацаа хожихын тулд Манжуурын төмөр замыг сонгодог. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөх дохио хангиналаа. Учир юу гэвэл энэ жилээс Монгол Улсын төмөр замын тээврийн боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулсны дараа Ханги-Мандалын боомт өдөрт есөн хос галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай болно. Үүнээс гадна Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ жил ашиглалтад оруулна. Гашуунсухайт-Ганцмодны боомтоор галт тэргээр тээвэр хийдэг болох юм. Өөрөөр хэлбэл, манай улсын БНХАУ-тай хиллэдэг гурван боомт төмөр замаар холбогдоно гэсэн үг. Төмөр замын салбарын бодлого боловсруулагчид шинээр хоёр боомтыг төмөр замаар холбосноор транзит тээврийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцож буй.
Цаашлаад Завхан дахь Арцсуурийн боомтыг Өмнөговийн Шивээхүрэн-Сэхэ боомттой төмөр замаар холбохоор зэхэж буй. Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замаа тавьчихвал транзит тээврийн зүүн коридор үүснэ. Ерөнхийдөө Монгол Улс төмөр замын гурван коридортой болох хэтийн төсөөлөл бий. Эхнээсээ ажил хэрэг болох цаг нь ирж, нөхцөл нь бүрджээ. Төмөр замаас гадна Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон олон улсын хурдны авто зам тавихаар зэхэж байгаа. Мөн Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтыг Шивээхүрэн-Сэхэ боомттой олон улсын хурдны авто замаар холбох төсөл эхэлсэн. Ирээдүйд транзит тээврийн таван зам Монголын нутгаар зурайх нь. ОХУ Украинтай дайтсан нь “Транзит Монгол” болох зорилтын хугацааг улам дөтөлчих шиг боллоо. Транзит тээвэр хөгжүүлэх нь Монголын эдийн засагт өндөр өгөөжтэй юм.
Бэлтгэсэн Т.Энхбат