Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2022.03.17/ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил-ийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Цар тахлын нөхцөл байдал аажмаар сайжирч буй тул хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг талууд уулзалтын үеэр онцлов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Элчин сайд идэвхтэй ажиллаж, бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажилд нь амжилт хүсэв.
Ян Вытопил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн 2 дугаар сард Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.