Ливаны Дотоод хэргийн яам тавдугаар сарын 15-нд болох нэг танхимтай парламентын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажлаа дуусгажээ. “Al-Wataniya” агентлагийн мэдээлснээр 958 нэр дэвшигчийн 136 нь эмэгтэй гэнэ. 128 суудалтай парламентын сонгуулийг пропорциональ системээр явуулах бөгөөд ингэснээр шашны бүх бүлгийн төлөөлөл парламентад орох аж. 2018 оны сонгуульд Ерөнхийлөгчийг дэмжигч Чөлөөт эх оронч хөдөлгөөний удирдагч Гебран Базил тэргүүтэй “Хүчтэй Ливан” эвсэл ялжээ. Тэрбээр шийтийн “Амаль”, “Хезболла” намтай эвсэж, Сирийн талыг баримтлагч фракцууд мөн парламентын олонход нэгдсэн. Энэ удаа ч Г.Базил сонгуулийн эвслийг хадгалахаа мэдэгджээ. Чөлөөт эх оронч хөдөлгөөний өрсөлдөгч нь 1975-1990 оны иргэний дайны үеэр Христийн зэвсэгт бүлэглэлийн командлагч асан Самир Жаажаа тэргүүтэй баруун жигүүрийн “Ливаны хүчнүүд” нам юм. С.Жаажаа сонгуульд Ливаныг Ираны ноёрхлоос чөлөөлнө гэсэн уриатай оролцож байна.