БНАСАУ баллистик пуужин харвасан нь хөөрснийхөө дараахан агаарт дэлбэрснийг WTN телевиз мэдээлэв. Пуужин 20 км хүрэхгүй өндөрт гараад дэлбэрчээ. NHK телевизийн мэдээлснээр Японы Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын дэргэд пуужингийн талаар мэдээлэл цуглуулах шуурхай штаб байгуулсан байна. Харин БНАСАУ нисэх онгоцны Сунан буудлын бүсээс ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин туршсан нь амжилтгүй болсныг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлжээ. Умард Солонгос энэ он гарснаас хойш 10 дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм. Тус улсыг тив хоорондын баллистик пуужин харваж болзошгүй тухай мэдээлэл ирсэнтэй холбогдуулан Америкийн тагнуулын нисэх онгоц Японы өмнөд нутагт байрлах баазаас хөөрч, Японы тэнгисийг зорьсон тухай зарим эх сурвалж урьд нь мэдээлсэн билээ. NHK телевиз “RC-135S cobra ball” онгоц Окинава муж дахь Кадена агаарын баазаас хөөрч буй дүрс бичлэгийг авчээ. Баллистик пуужин харвасны дараа мэдээлэл цуглуулах чадвартай уг онгоц хөөрснөөс хойш есөн цагийн дараа бааздаа буусан байна. Нислэгийг хянах “Flightradar24” компанийн мэдээлснээр уг онгоц Солонгосын хойгийн зүүн талд Японы тэнгис дээгүүр эргүүл хийжээ.