Европын зөвлөлөөс гарах мэдэгдлээ ОХУ тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид өргөн барьсныг хойд хөршийн ГХЯ-наас мэдэгджээ. НАТО болон Европын Холбооны улсууд Европын зөвлөл дэх олонхын байр сууриа урвуулан ашиглаж, эрх тэгш яриа хэлэлцээ, тус холбооны бүх зарчмаас татгалзан, энэ байгууллагыг Оросын эсрэг бодлогын хэрэгсэл болгон хувиргаж байна гэж уг баримт бичигт дурдсан байна. Эл тивийн хүмүүнлэгийн болон хууль, эрх зүйн нийтлэг орон зайг сүйтгэсэн, мөн ОХУ-гүйгээр бүх Европын эрх тэгш байдлыг алдуулах Европын зөвлөлд учрах үр дагаврын бүх хариуцлагыг Оросыг ийм алхам хийхээс аргагүйд хүргэсэн хүмүүс хүлээх болно гэж мэдэгдэлд онцолжээ. Үүний сацуу ОХУ Европын зөвлөлөөс гарсны дараа эл байгууллагын гишүүдтэй харилцан сонирхсон асуудлаар болон тус улс үргэлжлүүлэн оролцож шийдвэрлэх конвенцуудын хүрээнд прагматик, эрх тэгш харилцахад нээлттэй хэвээр гэдгийг тэмдэглэсэн байна. Европын зөвлөлөөс гарсны дараагаар Европын Хүний эрхийн шүүхийн хэдийн батлагдсан шийдвэрийг Үндсэн хуультай нь харшлахгүй бол дагаж мөрдөнө гэдгийг ОХУ мэдэгдэлдээ дурджээ.