Хятадын аж үйлдвэрийн бүтээмж энэ оны эхний хоёр сард өмнөх жилийн мөн үеийнхээс 7.5 хувиар (2021 оны арванхоёрдугаар сард уг үзүүлэлт 4.3 хувь байсан) нэмэгджээ. Тэдгээрийн дотор хамгийн өндөр үзүүлэлт технологи (14.4 хувь), тоног төхөөрөмжийн салбарт (9.6) бүртгэгдсэн аж. Тэр дундаа эрчим хүчний цэвэр эх үүсвэрээр ажилладаг автомашины үйлдвэрлэл хамгийн их өсөж (150.5 хувь), араас нь аж үйлдвэрийнх робот (29.6), нарны хавтан (26.4) орсон байна. Хөрөнгө оруулалт ч 12.2 хувиар нэмэгджээ. Тодруулбал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт 8.1, аж үйлдвэрийнх 20.9, үл хөдлөх хөрөнгийнх 3.7 хувиар өссөн байна. Түүнчлэн жижиглэнгийн борлуулалт нь өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар (өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард уг үзүүлэлт 1.7 хувь байсан) өсжээ. Гэхдээ энэ өөрчлөлтийг өнгөрсөн оны суурь үзүүлэлт бага, сарын динамикийн хувьд өсөлтийн хурд өнгөрсөн хоёр сард 1-1.1 хувь болж дээшилсэнтэй холбон тайлбарлаж байна. Үйлдвэрийн үнэ өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн ч эхний хоёр сарын хэрэглээний инфляц жилийн дүнгээр ердөө 0.9 хувьд хүрчээ. Статистик хүлээлтээс илүү гарсан нь Хятадын Ардын банк бодлогын хүүгээ өөрчлөхгүй байхаар шийдсэнтэй (бууруулах төлөвтэй байсан) холбоотой гэж “Capital eco¬nomics” компани тэмдэглэжээ. Аж үйлдвэрийг экспортын өсөлт дэмжсэн нь гадаадын эрэлт өндөр хэвээр байгааг харуулав.
“Ковид-19”-ийн дэгдэлтээс үүдэн үйлдвэр хаагдсан (Хятад улс халдварын шинэ тохиолдол гарахад хатуу хязгаарлалт тавьсан хэвээр байгаа), мөн дэлхийн эрэлт сул байгаагийн улмаас экспорт буурч, түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор импортын хэмжээ нэмэгдсэн зэрэг нь ирэх саруудад бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөхөөр буй аж. Эдгээр хүчин зүйлс Хятадын Төвбанкны бодлогыг цаашид зөөлрүүлэхэд хүргэж болзошгүй гэж “Capital economics” үзэж байна. Хэрэв Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээг “тойрч” гарахад ОХУ-д Хятад тусалж байна гэж АНУ-ын Цагаан ордон үзвэл хариу алхам хийж болзошгүй гэсэн болгоомжлол бас бий. Мөн ложистикийн хүндрэлүүд, ялангуяа боомтын бүсүүдэд тогтоосон хөл хорио ч нөлөөлж болзошгүй байна.