“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилжээ. Тэрбээр албан үүргээ ирэх тавдугаар сарын 1-нээс хашиж эхлэх аж. Дээрх хугацаа хүртэл өдгөө гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах гэнэ. Дэйрдрэ Лингенфэлдер нь хамгийн сүүлд “Рио тинто”-гийн Зэсийн группийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон орон нутгийн харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгчийн алба хашиж байжээ. Тэрбээр Зэсийн группийн олон улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа “Оюутолгой” компанид ЭМААБО, тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэх зорилтот хүчин чармайлтыг биелүүлэхэд манлайлан ажилласан аж. Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн түүхий эдийг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн менежментийн чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай Дэйрдрэ Лингенфэлдер өмнө нь “Anglo American”, “De beers” компанид гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажилд томилогдож байжээ. “Оюутолгой” компанийн түүхэн дэх анхны эмэгтэй гүйцэтгэх захирлаар томилогдсон тэрбээр гэр бүлийн хамт Монголд ирж суурьших нь.
Бэлтгэсэн Б.Сонор