Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих хэд хэдэн шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, хүнсний ногоо тариалагчдын зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан ногооны нэг тонн тутамд 100 000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Мөн энэ хаврын тариалалтыг өргөжүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулахаар болжээ. Засгийн газраас 2018 онд баталсан Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд 22.00-06.00 цагт өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний төлбөрийг хөнгөлөхөөр заасан. Уг заалтыг өөрчилж, хэрэгжүүлэх хугацааг нь сунгажээ. Тодруулбал, жил бүрийн аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд 18.00-06.00 цагт өвлийн хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлөхөөр заасан байна.
Атрын IV аян, “Эх орны эрүүл хүнс” хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилтын хүрээнд эдгээр шийдвэрийг гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ. Тэрбээр “Энэ хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 13.8 тэрбум төгрөг гаргана. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад 22 500 тонн шатахуун шаардлагатай. Тариалалтад зориулж 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлттэй үнээр борлуулна. Мөн бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон” гэв. Үүнээс гадна 2021 оны ургацаас үлдсэн, борлуулж чадаагүй, стандартын шаардлага хангасан улаан буудайг тариаланчдаас худалдан авч, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхийг Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгажээ.
Бэлтгэсэн М.Оч