…Эндээс харахад, үйлчлүүлэгч нь олширно хэмээн зарим бизнес эрхлэгч найдаж байна. Харин зарим нь хаалгаа барьж, түрээсийн талбайгаа хүлээлгэн өгч, аль болох бага зардлаар үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болжээ…
Үл хөдлөх хөрөнгө ашиглалтын зардал буюу үйлчилгээ, худалдааны зориулалттай талбайн түрээсийн үнэ өсжээ. Цар тахлын өмнө байршлаас нь шалтгаалж нэг ам метр талбайг 15 000-25 000 төгрөгөөр түрээслүүлж байв. Тэгвэл өдгөө багадаа 25 000 төгрөг болж нэмэгдсэн аж. Үүний улмаас зарим худалдааны төвийн лангуу түрээслэгчид гарч, талбай нь эзгүйрсээр байна. Жишээлбэл, Баянгол дүүргийн “Москва”, “Билэг”, “Ачлал” дэлгүүрийн түрээслэгчдийн тоо илт цөөрч, 3-4 дүгээр давхраас дээш өгсөх шатны өмнө хаалт тавьсан байв. Хүмүүс лангууны түрээс төлж, наймаа хийхээс илүүтэйгээр онлайнаар бараагаа зарж, хүргэлтээр түгээхийг эрмэлзэх болсон нь үүнд мөн нөлөөлж буй бололтой. Түүнчлэн бага хэмжээтэй талбайг хэд хэдээрээ нийлж түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тухайлбал, бидний нэрлэж заншсанаар Баруун дөрвөн замын уулзварын зүүн талд “Начин заан” гэсэн хаяг бүхий 50 орчим ам метр талбайд гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тэнд барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулахын зэрэгцээ гоо сайхны болон ахуйн бараа, бэлэн хувцас борлуулдаг болжээ. Бэлэн хувцасны худалдагч бүсгүй “Өмнө нь энд ломбард л ажиллуулж байсан бол өдгөө гурван хүн төрөл бүрийн бараа зарж байна. Түрээсийн талбайн үнэ өссөөр байгаа энэ үед олуулаа хамтарч объект түрээслэх нь зардал багатай юм” гэлээ. Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэний улмаас үзвэр, олон нийтийн арга хэмжээг бүрэн хааж, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг богиносгон, хэсэгчлэн болон бүтэн хөл хорио тогтоож байсан цаг саяхан. Үүний улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орлого буурсан нь дамжиггүй. Харин өдгөө бүх төрлийн бизнесийн байгууллагыг хэвийн ажиллах боломж бүрдүүлж, улмаар зарим үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй болж, ресторан, караоке, шөнийн клубүүдийг 05.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого ахиж буй, эсэхийг сурвалжиллаа. Баянгол дүүргийн XVI хороонд сүүлийн 6-7 жил үйл ажиллагаа явуулсан, үйлчлүүлэгч олонтой “Наран” нэртэй цайны газар бий. Өчигдөр 10.00 цагийн үед уг хоолны газрыг нүүлгэж байхтай таарав. Тавилга, хэрэгслээ үүд рүүгээ дөхүүлж овоолон, ачаа ачих машинаа хүлээн суусан, эзэн Ц.Наранцэцэгээс цайны газраа яагаад ажиллуулахаа больж байгааг нь тодрууллаа. Тэрбээр “Манайхтай ойрхон үйл ажиллагаа явуулж байсан, БНСУ-ын визийн мэдүүлэг хүлээн авдаг, олон улсын нислэгийн тийз бичдэг, монгол хувцасны захиалга, засвар зэрэг үйлчилгээний 3-4 төв сүүлийн хоёр жилд үүдээ барилаа. Мөн энэ хавьд хүнсний сүлжээ хоёр дэлгүүр шинээр нээгдсэн. Компани, албан байгууллагын ажилтнууд аль болох гэрээсээ хоолоо авчирч иддэг болсон байна. Энэ мэтчилэн шалтгааны улмаас цар тахлын өмнөх үеийнхээс үйлчлүүлэгч харьцангуй цөөрсөн. Түүнчлэн мах, нарийн ногоо болон хүнсний бусад бүтээгдэхүүн, цахилгаан, усны үнэ өсөж, бид ч хоолныхыгоо нэмэхээс өөр аргагүй болсон. Гэтэл цайны газраас өдөр бүр 8000-10 000 төгрөгөөр хоол худалдан авах хүн цөөрсөөр байна. Тиймээс ийм шийдвэр гаргасан” гэв.
Уг цайны газартай ойролцоох фото зургийн студийнхэн ч үйлчлүүлэгчгүй шахам болсноо дурдав. Хүмүүс студи руу зорьж очин зургаа авхуулах хандлага багассан, мөн бүтээгдэхүүнийх нь үнэ өссөнөөс болж үйлчилгээний төлбөрөө нэмсэнтэй холбоотойгоор үйлчлүүлэгч цөөрчээ. Зургийн студийн эзэн Ц.Оргил “Фото зургийн цаас, хор, жааз зэрэг импортын бүх барааны үнэ нэмэгдсэн. Мөн ачаа ирэх хугацаа удааширч, бид ч үйлчилгээнийхээ зардлыг өсгөсөн. Ер нь уран сайхны зураг авхуулах гэр бүл, хамт олон цөөрчээ. Хөл хориог цуцалсны дараа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаа сэргэн, орлого нь өсөж байгаа бол зарим нь хэзээ ч урьдын хэвээр ажиллахгүй бололтой” гэв.
Замын-Үүд-Эрээний боомтын авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан, суудлын галт тэрэг зорчихгүй байгаатай холбоотойгоор загас болон бусад амьтны тэжээл, шаардлагатай хэрэгсэл ховорджээ. Энэ нь амьтны дэлгүүрүүдийн орлого буурахад нөлөөлжээ. Загасны дэлгүүр ажиллуулдаг Ч.Содгэрэл “Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон цөөнгүй бизнесийн нэг нь амьтны дэлгүүр. БНХАУ-аас загас болон бусад жижиг амьтан, чимэглэл оруулж ирэхээ байсан. Мөн хоол тэжээл, элс зэрэг амьтан тэжээхэд шаардлагатай зүйлсийн импорт багассан. Түүнчлэн хүүхдүүд зурагт, ухаалаг утастай илүү “нөхөрлөх” болж, амьтан тэжээх нь цөөрсөн нь илт анзаарагдлаа. Тиймээс ийм төрлийн бизнесийг цаашид хэрхэн авч явах нь тодорхойгүй боллоо. Түрээсийн бус, өөрсдийн байртай тулдаа л тэсэж байна” гэв.
Бизнес эрхлэгчид ашиггүй ажиллан, зарим нь үүдээ барьж, эсвэл үйл ажиллагагаа зогсоох дөхсөнөө дурдсан энэ үед эко хүнс борлуулах дэлгүүр шинээр нээн, үйлчлүүлэгч цөөнгүй байгаад баярлах нэгэн байна. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд монгол эмийн ургамалтай цай, зөгийн бал, бүхэл үрийн гурил болон эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн борлуулдаг жижиг дэлгүүр нээн, хоёр долоо хоножээ. Дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авч, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болсон нь олзуурхууштай байгааг эзэн нь хэлсэн. Үүнээс гадна ирэх зун аялал жуулчлал сэргэн, үйлчлүүлэгч олшрох төлөвтэй гэж зарим компани тооцсон аж. Тэрэлжид байрлалтай дотоод, гадаадын жуулчин хүлээн авдаг “Батхаан тур” компанийнхан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурван жилийн хугацаатай авчээ. Улмаар жуулчны бааздаа дотроо ариун цэврийн өрөөтэй 12 гэр нэмж барин, өргөжүүлэх ажил эхлүүлжээ. Цар тахлын давлагаа намжиж буй энэ үед хүмүүс агаарт гарч гэр бүл, найз нөхөддөө илүү цаг зарцуулж, аль болох хөгжилдөхийг хичээх гэнэ. Тиймээс жуулчны баазад хөрөнгө оруулах нь зөв алхам болно гэж төлөвлөжээ. Гэхдээ барилгын материалын үнэ өсөн, туслах ажилчид олдохгүйгээс тооцоолсноос нь их зардал гарч байгааг “Батхаан тур”-ын захирал Ц.Батжаргал хэлэв.
Баянгол дүүргийн XV, XVI хорооны нутагт авто зам дагуу цэнгээний газар, караоке цөөнгүй. Тэдгээрийн гадна уржигдар 21.00 цагийн үед хөл хөдөлгөөн ихтэй байв. Ялангуяа диско клубүүдийнх нь үүдээр 18-30 насныхан дүүрэн байв. Гадаа нь тамхи, шорлог, нэгж зарж буй хүн ч цөөнгүй аж. Тэнд шорлог хийж, зардаг Б.Оюунбилэг “20.00-02.00 цагт энд ажилладаг. Нэг шорлогийг 6000 төгрөгөөр борлуулж байна. Тамхи ширхэглэж зардаг. Ер нь өдөрт дунджаар 30 шорлог зардаг юм. Шөнийн клубийн ажиллах цагийг уртасгасан нь олон хүнд бага боловч өгөөж өгч буй. Таксины үйлчилгээ эрхлэгчид, ТҮЦ-ийнхэн болон над шиг шорлог, тамхи, нэгж зардаг хүмүүсийн орлого боломжийн хэрээр нэмэгдэж байна” гэв. Тэгвэл “Свэй” шөнийн клубийн менежер “Манайх үйл ажиллагаагаа эхлүүлээд удалгүй цар тахал дэгдэн, хөл хорьсон. Зээлээр мөнгө босгон клуб байгуулж, цөөнгүй хүн цалинжуулж байсан ч хоёр жилийн турш бараг ажиллаагүй. Харин одоо 05.00 цаг хүртэл ажиллаж буй учраас зээлээ төлж, орлогоо ахиулах найдлага байна. Цаашид илүү тохилог, цэвэрхэн орчин бүрдүүлэхийг хичээнэ” гэв. Эндээс харахад, үйлчлүүлэгч нь олширно хэмээн зарим бизнес эрхлэгч найдаж байна. Харин зарим нь хаалгаа барьж, түрээсийн талбайгаа хүлээлгэн өгч, аль болох бага зардлаар үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болжээ.