БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбарын төсөв ердөө л байгууллага санхүүжүүлэх чиглэлд урсаж байна. Төсвийн шинэчлэл хийнэ. Хичээлийн үр дүн, сурлагын чанар тааруу байгаа нь энэ гажуу тогтолцооноос үүдэлтэй. Цаашид хүүхэд бүрийн сурлагын чанар, ахицаас шалтгаалж багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ. Төрийн өмчийн сургуулиудад харилцан адилгүй хэмжээтэй санхүүжилт олгосоор ирсэн нь сурлагын чанарын тэгш бус байдлыг бий болгосон. Үүнийг өөрчлөх, халах цаг нь болсон” гэж цөөнгүй удаа ярьсан. Түүний энэ яриа тун удахгүй биеллээ олох нь. Тус яамныхны мэдээлж буйгаар ирэх сар гэхэд боловсролын салбар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэ тогтолцоонд бүрэн шилжсэн, Монголын ирээдүй болсон 1.1 сая сурагчийн хувь заяаг гартаа атгаж буй 47 мянган багш 2022 оны эхний саруудын үр дүнгийн урамшууллаа гар дээрээ авсан байх гэнэ. Багш нарыг гүйцэтгэлээр нь цалинжуулж, урамшуулах энэ шинэчлэл боловсролын салбарт түүхэн шийдвэр болж үлдэх нь гарцаагүй. Манай улс ийм тогтолцоонд шилжинэ хэмээн олон жил ярьж, төлөвлөж, завдсан ч хэрэгжүүлж чадалгүй өдий хүрсэн. 2000-аад оны дунд үед ид ажиллаж байсан нэгэн ахмад багштай энэ талаар ярилцахад “Ингэж ярьж л байдаг юм. Хэрэгжүүлж чадах нь юу л бол. Багшилж байхдаа сургуульдаа нэр хүндтэй, сурагчидтайгаа сайн “зууралддаг” байсан учраас хөдөлмөрөө үнэлүүлэх нь, боломжийн өндөр цалин авах нь гээд олон удаа баярлаж, хууртсан, хаширсан” хэмээн өгүүлсэн юм. Үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй учраас үе үеийн Засгийн газар, сайд нар “ард нь гарч” чадаагүй хэрэг. Сурагчдын сурлагын ахиц дэвшлийг хэрхэн тогтоох, хэн, ямар шугамаар хянах, үр дүнг нь яаж тооцох гээд асуудал их. Тэрчлэн анги дүүргэлт, нэг багшид ногдох сурагчийн тоо, ачаалал зэрэг толгойн өвчин болсон олон асуудал сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүнд шууд нөлөөлдөг. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд болон түүний багийнхан эдгээр асуудлыг шийдэх гаргалгааг хэрхэн бодож олсон бол. Тухайн багш сайн, муу ажилласныг юугаар хэмжих вэ.
Эдгээр асуултад хариулт авах зорилгоор БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийнхэнд хандахад “Одоохондоо энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Шинэ журам гарсны дараа, судалгаа, үнэлгээний ажил жигдрэхээр тодорхой болно” гэв. Харин Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Зарим зүйл тодорхой болохоор хариуцсан асуудлынхаа хүрээнд ярина” хэмээв. Уг нь энэ бол олон нийтээс нууцлаад, хав дараад байхаар мэдээлэл биш. Ийнхүү болгоомжилж буйгаас үзэхэд эл шийдвэртэй холбоотой тодорхой болоогүй зүйл олон бий бололтой. Хэрэв ийм нөхцөлд багш нарыг сурлагын ахицаар үнэлж эхэлбэл боловсролын салбарт жинхэнэ замбараагүй байдал үүсэж, гүйцэтгэлийн үнэлгээнээс үүдэлтэй хэрүүл, шүүмжлэл тасрахгүй. Манай улсад аливаа дүрэм, журам хэрхэн хэрэгждэгийг, нэгдсэн стандарт, шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллагууд өөр өөрийнхөө таалалд нийцүүлж, хэрхэн “монголчилдгийг”, үүнээс үүдэлтэй ямар асуудлууд үүсдэгийг боловсролын яамныхан эрхбиш тооцоолсон гэж найдъя.
Гүйцэтгэлээр цалинжуулж, урамшуулах нь тохиромжтой юу, үүнийг хэрэгжүүлэх орчин бүрдсэн үү, юунд анхаарах ёстой вэ гэсэн асуудлын хүрээнд боловсролын салбарынхны байр суурийг сонслоо