Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банк санхүүгийн хувьд эрсдэлд орж, тус банкнаас зээл авсан олон аж ахуйн нэгжийг чанаргүй зээлдэгчийн ангилалд оруулаад байгаа билээ. Зээлдэгч нарыг болон тухайн санхүүжилтийг олгоход оролцсон Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг АТГ-ынхан ажлын хэсэг гарган, заримыг нь шүүгчийн захирамжаар цагдан хорьж байгаад мөрдөн шалгаж эхэлсэн. Тус банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн дунд мөнгөө зориулалтын дагуу зарцуулж, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэр байгуулсан нь бий. Зээлээ зориулалтын бусаар ашиглаж, өөр бизнест хөрөнгө оруулсан нь ч байгаа. Үүнийг ялгаж салгах нь УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхний, Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагын, хууль, хяналтын байгууллагынхны үр дүнгээс харагдана. 1930-аад оны их хэлмэгдүүлэлттэй адил хоморголон буруутгахгүй байх гэдэгт олон аж ахуйн нэгжийнхэн найдаж буй нь лавтай.
Импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл явуулдаг үндэсний хэдхэн компаниа дэмжихгүй, “Хөгжлийн банкны” гэх хэрэгт хоморголон яллаж, хэлмэгдүүлэх аваас гадаадын, тухайн орныхоо Засгийн газраас санхүүжиж Монголд үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй үйлдвэрүүд “даам гарч”, эцэст нь хэрэглэгчид харийнхны аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэгч, худалдан авагч нь болох эрсдэл бий. Тиймээс эх орноо гэсэн сэтгэлтэй, импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн бий болгогч үндэсний үйлдвэрлэлээ хууль завхруулагчдын хоморгонд оруулахаас төр, засгийн хэмжээнд ч болгоомжлох нь зүйд нийцэх биз ээ. Гэхдээ хууль зөрчсөн, Хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ хэмээн зээл авчихаад өөр зүйлд зарцуулсан аж ахуйн нэгжийн удирдлага, тэдэнд зээл олгоход нөлөө үзүүлсэн албан тушаалтнуудыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх мэт элдэв шалтгаар хариуцлагаас мулталж болохгүй. Цаашлаад Хөгжлийн банк, аж ахуйн нэгжүүдийг эрсдэлд оруулсан Төвбанкны удирдлага, Засгийн газрын сайд нар ч хариуцлагыг нь үүрэлцэх нь шударга ёсонд нийцэх учиртай. Энэ талаар УИХ-ын хяналт шалгалтын зарим дүгнэлтэд үндэслэн уншигчдадаа доор дэлгэрүүлэн хүргэе.
ЭРСДЭЛ УЧРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙВ
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж эртний хэлц үг бий. Үүний утга нь аливаа хэрэг явдал заавал эх шалтгаантай байдаг гэдгийг илэрхийлж буй. Засгийн газар, Монголбанк хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгасан бол өнөөдөр зарим аж ахуйн нэгжийнхэн эрсдэл үүрэхгүй, Хөгжлийн банкнаас авсан зээлээ хууль журмын дагуу төлөөд зарим нь дуусгах байсан биз. Тус банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийх ажлын хэсэг дотроо дэд хэсэгтэй. Тус дэд хэсгийнхний хийсэн шалгалтын дүгнэлтэд “Засгийн газар дээрх банканд хоёр жил тутам шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд ээлжит бус шалгалт хийх журам батлах ёстой ч түүнийг батлаагүй. Ийм учраас тавигдах шаардлагыг баримтлахгүй байх, банкны дотоод нэгжүүд уялдаагүй ажиллах зэргээр төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаа алдаатай явжээ. Зарим тохиолдолд хөгжлийн томоохон төсөл бус, арилжааны банкнаас олгодог зээлийн түвшний арга хэмжээ авч хэрэгжүүлсээр иржээ” хэмээжээ. Магадгүй энэ нь тухайн үеийн эрх баригчдын алдаа, албан тушаалтнуудын нөлөө байсантай холбоотой биз. Уг нь Засгийн газар, Монголбанктай 2012 оны аравдугаар сарын 23-нд “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дунд хугацаанд инфляцыг нам, тогтвортой түвшинд байлгах үндсэн зорилтыг хангах зорилгоор гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан байдаг. Түүндээ Засгийн газар Төвбанктай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг ч сонгохоор тохиролцсон аж. Гэвч Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр үр дүнд хүрэлгүй, 2012 оны аравдугаар сард 1393 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2015 оны арванхоёрдугаар сард 1992 болж, улмаар өнөөдөр 3000 руу дөхөх үндсэн шалтгаан болсон. Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2015, 2016 онд хийсэн нийцлийн аудитын дүгнэлтэд “Төгрөгийн ханш 40 хувиар суларсан нь 2013 оны зургадугаар сараас 2014 оны гуравдугаар сар хүртэл мөнгөний нийлүүлэлт огцом ихэссэнтэй холбоотой” гэж дүгнэсэн байгаа. Уг хөтөлбөр ийнхүү үр дүнд хүрээгүй нь Засгийн газар буюу харьяалах яамд ажилдаа хариуцлагагүй хандсантай холбоотойг ч ҮАГ-ынхан дүгнэлтдээ тодотгожээ. Тухайлбал, “Яамд холбогдох байгууллагатай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулснаас аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар зарцуулсан. Яам нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэггүй, гэрээний хяналтыг банк тавина. Хөтөлбөрийн үр дүн эхнээсээ харагдаж байгаа. Хууль, гэрээний заалт, сонгон шалгаруулалтын журмыг зөрчөөгүй” гэх зэргээр өөрийгөө болон хууль тогтоомж, гэрээний заалт зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг хаацайлж хамгаалсан үндэслэлгүй тайлбар өгч байж. Түүгээр ч зогсохгүй аудитын байгууллагаас тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн болон Барилга, хот байгуулалтын сайдад зөвлөмж хүргүүлж байсан ч хэрэгжүүлээгүй гэнэ.
АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН КОМПАНИУД АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН НЬ МОНГОЛБАНКНЫ АЛДАА
Яамд буюу Засгийн газрын хариуцлагагүй байдлаас гадна Монголбанкны тухайн үеийн удирдлагын алдаатай бодлого, үйл ажиллагаа ч валютын ханшийн өсөлт төдийгүй өнөөгийн Хөгжлийн банкны цөөнгүй зээлдэгч эрсдэлтэй тулж, хууль, шүүхийн байгууллагын хаалга татахад нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Монголбанк дээрх үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгосон нь мөнгөний зах зээл дэх тэнцвэрт байдалд нөлөөлж, гадаадын валютын эсрэг төгрөгийн худалдан авах чадварыг хурдацтайгаар сулруулсан аж. Мөн Төвбанкны тухай хуульд заасан үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зээлийн хүү нь мөнгөний суурь үнэ болох бодлогын хүүнээс хэт бага байгаа нь Төвбанкийг хуримтлагдсан их хэмжээний алдагдалд оруулсан гэнэ. Ийнхүү төр, засгийн хэмжээнд алдаатай үйл ажиллагаа явуулснаас Монгол Улс өмнө нь авсан зээл, санхүүжилтүүдээ эргэн төлөхөд хүндрэл учирч, дахин санхүүжүүлж чадахгүй дефолтод орох аюул учирсан байдаг. Энэ нь манай улсад орж ирэх ваютын урсгал тасарч, төлбөрийн тэнцлийн алдагдал 232.1 сая ам.долларт хүрсэн, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлж, төгрөгийн нийлүүлэлтийг долоон их наяд болгон нэмэгдүүлсэн нь валютын ханшийг тогтворгүй болгосонтой холбоотой. УИХ-аас Төвбанканд хийсэн шалгалтын дүгнэлтэд “Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн улмаас болон гадаад валютын орох урсгал 2013 оноос тасралтгүй буурснаас үүдэж валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсныг 2016 онд 1.3 тэрбум “ногоон” болтол бууруулсан. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1392 байсныг 2489.5 болгоход нөлөөлжээ. Тодруулбал, 2012 оноос 2017 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1104.5 төгрөг буюу 80.8 хувиар суларсан аж. Төвбанкнаас ам.долларын ханшийг тогтвортой байлгах зохистой арга арга хэмжээ аваагүй, дэд хөтөлбөрүүдийн хүрээнд форвард хэлцэл хийж, арилжааны банкуудтай своп хэлцэл байгуулж, гадаад зээлээр дэмжиж байсан нь валютын гарах урсгалыг нэмж, төгрөгийн ханшийг улам сулруулсан” хэмээсэн байгаа. Энэ нь мэдээж ам.долларын зээл авсан аж ахуйн нэгжүүд хохирол хүлээж, хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд ороход нөлөөлсөн гэдэгтэй олон эдийн засагч, аж ахуйн нэгжийн удирдлага, банкир санал нэгдэх биз ээ. Зөвхөн ам.долларын зээлтэй аж ахуйн нэгжүүдээр тогтохгүй Монголбанк, Засгийн газрын гадаад өр төлбөр ханшийн алдагдал хүлээж, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буурч, төгрөгт итгэх итгэл сулран, тогтворгүй байдал бий болгож, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байгаа юм.
ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧДИЙГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
Хөгжлийн банкнаас зээл авч, үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд төр, засгийн алдаатай бодлого, үйл ажиллагаанаас болж ханшийн алдагдал хүлээж байгаа нь гарцаагүй. Ханшийн алдагдал хүлээж, чанаргүй зээлдэгчийн ангилалд ороод буй талаараа хэд хэдэн аж ахуйн нэгжийн удирдлага өнгөрсөн сард болсон хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Ханшийн алдагдал хүлээсэн ч бага багаар зээлээ төлж буй тухайгаа ч мэдэгдэж байв. Нөхцөл байдлыг нягтлахаар байгуулсан буюу Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийх ажлын дэд хэсгийнхэнд зээлийн төлөлтийг судлахад багагүй хүндрэл учирч буй аж. Энэ талаараа уг дэд ажлын хэсгийнхэн дүгнэлтдээ “Зээлдэгчид санхүүжилтийг бусад арилжааны банкаар дамжуулан төлбөр тооцоог шилжүүлсэн байдлыг нарийвчлан шалгахад Банкны тухай хуулийн 7.2-т заасан нууц гэсэн мэдээллийг гаргаж өгөхийг хориглосон заалтаас шалтгаалж холбогдох дансны мэдээллийг авах боломжгүй байна. Төсөл, хөтөлбөрөөр барьж байгуулсан барилга, байгууламж, тоног төхөөрөмжид үнэлгээ хийх мэргэшсэн шинжээч, үнэлгээчин байхгүй. Зээлдэгчдийн эцсийн өмчлөгчийг тогтоохын тулд дан ганц хуулийн этгээдийн бүртгэлээр тогтохгүй нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Зарим зээлдэгчийн эцсийн өмчлөгч нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа нь хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийг тодорхойлоход хугацаа алдаж байна” гэжээ. Тиймээс Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгож өргөтгөх, хяналтын сонсгол хийхээр санал нэгдэн, энэ сарын 29-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн тайлан, мэдээлэлтэй танилцах зорилготой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар товлоод буй билээ. Дээрх ажлын дэд хэсгийнхний шалгалтаар Хөгжлийн банкны удирдлага, засаглал нь тогтворгүй байсан нь эрсдэл учрахад нөлөөлсөн гэж үзжээ. Тодруулбал, “Тус банкны ТУЗ-ийн гишүүнийг Засгийн газраас нээлттэй сонгон шалгаруулалтаар гурван жилийн хугацаатай томилж, Компанийн хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг байна. Гэвч ТУЗ, гүйцэтгэх удирдлага тогтворгүй ажилласан нь компанийн менежмент сул байх, мэргэжлийн чадамж дутагдах үндсэн шалтгаан болсон. Удирдлагын багийн тогтворгүй байдал банкны хүний нөөц, чадамжид нөлөөлсөн” гэжээ. Түүнчлэн Хөгжлийн банкны хяналт шалгалтын тогтолцоо муу ажилласан гэж тогтоосон байна. Тус банканд 2015-2021 онд төрөөс 10 удаа хяналт шалгалт хийсэн гэнэ. Банкны хуримтлагдсан алдагдал, зээлийн өрийн үлдэгдэл өсөж байгаатай холбогдуулан эрсдэлийн сан байгуулах талаарх зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлсэн нь ч өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн аж. Мөн Төвбанкнаас зөвлөмж өгсний дагуу 2017 оноос зохист харьцааны шалгуур тогтоож, 2020 оноос журмуудыг нь баталсан ч хэрэгжилт нь хангалтайгүйгээс уг харьцааны шалгуур алдагдсан хэвээр өнөөдрийг хүрчээ.
Үргэлжлэл бий