“Цэнхэр үст Цэрэн” гэх нэрээрээ олон нийтийн сүлжээнд багагүй дагагчтай болсон иргэн Э.Цэрэндолгорт холбогдуулан гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага цөөнгүй хэрэгт түүнийг шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр фэйсбүүк дэх “Tseren En-ebish” хаягаараа дамжуулан өнгөрсөн сарын 28-нд “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар хоёр сая ам.долларын хахууль авсан” хэмээн бичсэн. Үүнтэй холбоотойгоор нэр дурдагдсан хоёр хүн гомдол гаргасны дагуу Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн байна. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн ч өчигдөр өгсөн тодруулга ярилцлагадаа “АТГ-т одоогоор Улсын ерөнхий прокурортой холбоотой шалгаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой. АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй. Иргэд ямар нэгэн мэдээллийг аливаа хэлбэрээр олон нийтэд мэдээлэхдээ эх сурвалжийг сайтар нягталж үзэх шаардлагатай, нягтлаагүйн улмаас нийгэмд шүгэл үлээх бус, нөгөө талаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдон шалгуулж болзошгүй нөхцөл байдал үүсдэг эдгийг анхааруулъя” хэмээсэн юм.
Иргэн Э.Цэрэндолгорыг худал мэдээлэл тараасан нэг бус үйлдэлд яллагдагчаар татаад буй бол хэрэг бүртгэлтийн цөөнгүй хэрэг нээгээд байна. Тухайлбал, тэмээчин Н.Байгалмаа агсны талаар “манай бэр Н.Байгалмаа нь ганцаараа шатаж үхээгүй, н.Энхбат гэгчтэй хамт шатсан, энэ талаар цагдаагийн байгууллага зориуд худал мэдээлсэн, надад баримт байгаа” хэмээн илт худал бичлэг олон нийтэд тараан, амь хохирогчийн нэр хүндэд халдсан. ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, хурандаа А.Даваасүрэн нь иргэн С.Мөнхзулд үйлчилдэг, түүний хууль бус үйлдлийг нуун дарагдуулдаг гэх агуулга бүхий бичлэг цацаж, цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд халдсан, иргэн С.Мөнхзулын нэр төрд халдсан бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацсан үйлдлүүдэд яллагдагчаар татжээ.
Зариг.мн цахим сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа П.Очбадрах, иргэн Ц.Хэрлэнтуяа, С.Мөнхзул нарын гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Э.Цэрэндолгорыг шалгаж буй аж. Харин цагдаагийн мөрдөгч Г.Дамдинжавын Э.Цэрэндолгорт холбогдуулан гаргасан гомдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна.