Дотоод асуудлаар нь Хятадад шахалт үзүүлэх гэсэн АНУ-ын аливаа оролдлого бүтэлгүйтнэ гэж БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын дарга Ян Зечи АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай Италийн Ром хотод уулзахдаа мэдэгдсэнийг “Xinhua” агентлаг уламжлав. Шинжаан-Уйгур, Төвөд, Хонконгийн асуудлыг дотоодынх болохыг тэрбээр тодотгожээ. Нөхцөл байдлыг зохицуулахын тулд яриа хэлэлцээ хийхийг дэлхийн хамтын нийгэмлэг дэмжих ёстой гэж Украины асуудлыг хэлэлцэх үед Ян Зечи хэлсэн байна. БНХАУ-аас Украинд яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд тус улсад хүмүүнлэгийн томоохон хямрал гарахаас сэргийлэхийн тулд цаашид ч чармайхаа тэрбээр онцлон тэмдэглэв. Үүний өмнө сөргөлдөөнд Оросыг дэмжихгүй байхыг АНУ тулган шаардсаны хариуд Хятад Америкийн Украин дахь биологийн лабораториудын тухай мэдээллийг дэлгэхийг шаардсан билээ. Үүний сацуу өнөөгийн олон улсын нөхцөл байдалд Хятад, Америкийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, санал зөрөлдөөнөө зөв хянаж, зохицуулах, мөргөлдөөн, сөргөлдөөнөөс зайлсхийх нь хоёр орны ард түмний ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэг, даян дэлхийн хүн ардын хүлээлтэд нийцнэ гэж тэрбээр мэдэгдэв. Мөн хоёр орны Төрийн тэргүүн нарын урьд нь тохиролцсоны дагуу санал зөрөлдөөнөө зохицуулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар тохиролцсон нийтлэг ойлголтыг талууд хэрэгжүүлж, Хятад, Америкийн харилцааг хэвийн тогтвортой хөгжлийн зөв замд эгүүлэн оруулах нөхцөл бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлэх хэрэгтэйг тэмдэглэжээ. Гэвч ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний цохилтыг зөөлрүүлж чадах Хятадад үзүүлэх дарамт нэмэгдэхийг Ромд болсон уулзалт харуулсан байна. “Өдгөө Оросын эргэн тойронд болж буй бүх зүйл бол Хятадын хувьд түршүүрийн дохио юм. Үнэн хэрэгтээ онолын хувьд АНУ болон түүний холбоотнууд Бээжинг шийтгэх олон арга хэрэгсэлтэй байж болзошгүй. Тухайлбал, Хятад улс АНУ-д нэг их наяд долларын үнэт цаасыг эзэмшдэг. Үүнийг Америк ОХУ-ын Төвбанкны хөрөнгийг битүүмжилсэн шигээ эдгээр хөрөнгийг гаргахгүй болгож мэднэ. Үүнээс гадна Хятадын агаарын тээврийн компаниуд Оросын агаарын тээврийн компаниудын нэгэн адил “Airbus”, “Boeing” онгоц ашигладаг. Шаардлагатай гэж үзвэл Өрнөдийн орнууд хэдхэн долоо хоногийн дотор Хятадын иргэний агаарын тээврийн нислэгийг зогсоож, далайн харилцаагаа хааж, олон улсын тээврийн компаниудыг БНХАУ-ын боомтуудад нэвтрэхийг хориглож, эрчим хүчний хямралд оруулж болзошгүй” гэж ОХУ-ын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Александр Ломанов үзэж байна. Гэхдээ Хятадын эсрэг арга хэмжээ авах нь дэлхийн эдийн засагт тэсвэрлэх аргагүй цочрол үүсгэж болзошгүй аж. “Ж.Байдены засаг захиргаа Орост шахалт үзүүлж, “бүх бооцоогоо тавихаар” шийдсэн тохиолдолд л тийм байдал үүсэж болзошгүй. Нөгөөтээгүүр, Вашингтон сүрдүүлэхээс өөр зүйл хийж чадахгүй тул АНУ-ын дарамт шахалтыг Хятад эсэргүүцсээр байна” гэж Александр Ломанов дүгнэжээ.