АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер тусгаар тогтнохыг хүсэж буй палестинчуудыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. АР агентлагийн мэдээлснээр Ойрхи Дорнодод тайван байдлыг хангах төлөвлөгөө гаргасан Барак Обаматай тэрбээр санал нэгдэхгүй байгаа гэнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Палестиний талаар дахин хэлэлцэхээр төлөөлөгчдөө Израиль руу илгээнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ. Америкийн дипломатчид палестинчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, энэ талаар НҮБ-д гаргасан хүсэлтээ эргүүлэн авахыг уриалж байгаа юм.
Палестиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хүсэлтийг энэ сарын 20-нд болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар дэвшүүлнэ хэмээн ажиглагчид таамаглаж буй. Ерөнхийлөгч Барак Обама палестинчуудын эл хүсэлтийг дэмжихгүйгээ илэрхийлсэн бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Палестинчуудын хүсэлтийг хэлэлцэхэд болохгүй зүйл байхгүй” гэж мэдэгдлээ.
Одоогийн байдлаар Палестин улсын газар нутагт Израиль улс үе үе цэргийн ажиллагаа явуулж байгаа юм. Палестин тусгаар тогтновол тус бүсэд халдлага, үймээн гарах нь ихэснэ хэмээн Израилийн эрх баригчид үзэж байгаа аж.
Х.ОД