Энэтхэг, Хятад хоорондын хилийн Ладакх бүсээс цэрэг гаргах 15 дахь удаагийн хэлэлцээ болов. “Asian age” сонин Энэтхэгийн БХЯ-ны эх сурвалжаас эш татан мэдээлснээр хилийн шалган нэвтрүүлэх Чушул-Молдо боомтод Энэтхэгийн Зэвсэгт хүчин, Хятадын Ардын чөлөөлөх армийн командлагчдын түвшинд хэлэлцээ хийжээ. Хималайн нуруун дахь тус хоёр улс хоорондын хил тэмдэглэгээгүйн улмаас олон арван жил түгшүүртэй байгаа юм. Тухайлбал, 1959 онд Энэтхэгийн Аруначал Прадеш мужид Хятадын тал халдсан бол 1962 онд зэвсэгт мөргөлдөөн гарч, улмаар Энэтхэгийн Ладакх, Аксайчин бүс нутгийн 38 мянган ам км газар Хятадын мэдэлд шилжжээ. Цэрэг, дипломатын түвшинд цуврал хэлэлцээ хийсний дараа өнгөрсөн онд Бээжин болон Шинэ Дели хилийн маргаантай бүсээс цэргээ харилцан татаж эхэлсэн юм.