ОХУ-ын түүхэнд анх удаа тус улсын Ерөнхийлөгч цэргийн ажиллагааны бүс рүү гадаадын дайчдыг илгээхийг зөвшөөрөв. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн шуурхай хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлснээр Ойрхи Дорнодын орнуудын 16 мянга гаруй иргэн Донбассыг чөлөөлөх хөдөлгөөнд оролцох хүсэлтээ илэрхийлжээ. Гадаадын иргэдийг фронт руу илгээх нь Украиныг ивээн тэтгэгч Өрнөдийнхөн дэлхийн өнцөг булан бүрээс хөлсний этгээдүүдийг цуглуулж байгаагийн хариу үйлдэл гэдгийг Москва нуугаагүй аж. Үүний сацуу Өрнөдийн орнууд цэргийн улам олон анги нэгтгэл шилжүүлж байгаатай холбогдуулан баруун хилээ бэхжүүлэх талаар илтгэл бэлтгэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайддаа үүрэг болгожээ. Энэ сарын 7-нд Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дэргэд Олон улсын легион хэмээх шинэ тусгай анги байгуулсан. Украины Элчин сайдын яамд тус ангийн эгнээнд элсэх хүсэлтэй хүн бүрийг бүртгэж байна. Тус яамнаас мэдэгдсэнээр дэлхийн 52 орны сайн дурынхан, ахмад дайчдын тоо 20 мянга давсан гэнэ. Тухайлбал, АНУ дахь Украины цэргийн атташе, хошууч генерал Борис Кременецкий “Associated press” агентлагт хэлснээр Элчин сайдын яаманд 6000 орчим өргөдөл ирсэн ч одоогоор ердөө 100 хүнийг сонгосон аж. Тэдний дунд Ирак, Афганистаны дайны ахмад дайчид, тэдний дотор нисдэг тэрэгний нисгэгчид багтжээ. Тэднийг хөлснийхөн биш, сайн дурынхан гэж Б.Кременецкий тайлбарлав. Өрнөдийн орнуудын элсүүлсэн хөлснийхний дунд Ойрхи болон Дундад Дорнодын исламын шашинтнуудын террорист янз бүрийн бүлэглэлийн дайчид бий гэж ОХУ-ын Гадаад тагнуулын албанаас мэдээлсэн байна. Нөгөөтээгүүр, ОХУ-ын эсрэг байлдааны ажиллагаанд оролцохоор Украинд очсон Өмнөд Солонгосын бэлтгэл цэрэг, өдгөө блогчин И Гыны гадаад паспортыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэхээр БНСУ-ын эрх баригчид төлөвлөж байна. БНСУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чой Ён Самын мэдээлснээр И Гын урьд нь Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний тусгай отрядад алба хааж, дэслэгч цол хүртжээ. Тэрбээр багийнхаа хамт Украинд очсон бөгөөд фронтын шугам дахь тулалдаанд оролцохоо мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжилсан байна. Украинд өнгөрсөн сарын дундуур болсон үйл явдалтай холбогдуулан БНСУ-ын эрх баригчид иргэдээ тус улсад зорчихыг хориглосон билээ. Хоригийг зөрчсөн тохиолдолд нэг жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 8.1 мянган ам.долларын торгууль ногдуулна. Үүний адил Британийн БХЯ цэргийн алба хаагчдаа Украин руу явахыг хориглосныг “Independent” сонин уламжилжээ.